#Товч_тодруулга: АТГ: Ногоон автобусыг технологийн бус аргаар угсарснаас гадна худалдан авах тендер тэр чигтээ хууль бус болох нь тогтоогдсон…


АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах комиссар Н.Тэмүүлэн:

- АТГ-аас ногоон автобусны худалдан авалттай холбоотой хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж дууссан. Мөрдөн байгууллагаас тухайн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн. 

- Мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн тендерт шалгаруулалт нь бүхэлдээ хууль бус болох нь тогтоогдож, 134,5 тэрбум төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон. 

- Үүнээс 11,9 тэрбум төгрөгийг бэлнээр,  46,1 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий автобус хүлээн авах замаар хохирлыг нөхөн төлүүлсэн. Түүнчлэн 71,7 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг битүүмжлээд байна.  

- Хэргийг шалгах явцад 27 этгээдийг яллагдагчаар татсан. Тодруулбал УИХ-ын гишүүн 1, нийтийн албан тушаалтан 18, гадаад улсын иргэн 4, хувийн аж ахуй нэгжийн 4 албан тушаалтан яллагдагчаар татагдсан.

- Мэргэжлийн шинжээчид технологийн бус аргаар угсарсан, тендерийн шаардлага хангаагүй гэж дүгнэсэн. 

- Яллагдагчаар татагдсан хүмүүсийн дотор Монгол Улсын сайд бий. Тухайн үеийн Хотын даргыг шалгасан. Гэмт хэргийн шинж тогтоогдоогүй учир яллагдагчаар татах үндэслэлгүй гэж үзсэн.