#ШУУД: УИХ дахь АН-ын бүлгээс “Амь нэгтэй монголчууд”аяныг улс орон даяар зохион байгуулах болсон талаараа мэдээлэл хийж байна

УИХ-ын гишүүн Ц.ТУВААН: 

- Малчид малаа алдсанаараа дан ганц малчид эрсдээд байгаа юм биш Монгол Улс тэр даяараа эрсдэлд орж байна. Хотын, хөдөөгийн монгол гэж байхгүй нэг л монгол бий. Одоо бид нэгдэж гамшгаас гарах гаргалгааг ярих болсон. Энэ олон малаа алдсан иргэдэд төрөөс халамжийн бодлого явуулахаас өөр аргагүй. Тэр үед үүнээс хэд дахин өндөр зардал гарна. Дээрээс нь хотоос хөдөө рүү шилжих хот, хөдөөгийн сэргэлтийн бодлого яг эсрэгээрээ эргэхэд ойр байна. Улаанбаатарчууд яг одоо хөдөө орон нутагт байгаа, ах дүү, хамаатан садандаа туслах цаг ирсэн шүү.

2000 оны зуднаар Монголчууд Улаанбаатар хот руу чиглэсэн их нүүдэл явсан, 2024 оны зуднаар энэ нүүдэл болоход маш ойрхон байна. Одоо зохицуулж чадахгүй байгаа Улаанбаатар хотын утаа, түгжрэл бүр ч илүү нэмэгдэх магадлалтай байна. Мал аж ахуй эрсдэлд орохоор ард иргэдийн махны хангамж, хүнсний асуудал, сүүний асуудал, хөнгөн үйлдвэрүүд хэрэглэдэг ноос ноолуур, түүхий эдээ хаанаас авах вэ гэдэг маш том асуудал бий болно.

Малчдын гар дээр ямар ч мөнгө алга. Хөдөө малчид үхсэн ганц ямаагаа өгөөд нэг боодол хивэг юм уу өвс төдий л авч байна. Гамшиг, гэнэтийн аюулын үед Засгийн газраас яаралтай арга хэмжээ авч эрх баригч, сөрөг хүчин гэлтгүй хамтарч ажиллах шаардлага тулгарч байна. Тодорхой арга хэмжээнүүдийг авч шийдвэрлэе гэдэг байр суурь дээр байна. Монгол Улсын эдийн засгийг аварч үлдэхийн төлөө ажиллах хэрэгтэй. Тиймд бид Малчдын зээлийг тэглэх тогтоолын төсөл санаачлан УИХ-ын даргад өргөн барих гэж байна. 

Монгол Улсын Үндсэн хуульд мал төрийн хамгаалалтад байна гээд заачихсан байгаа. Малаа алдсан, малаа үхүүлсэн малчдын сэтгэл санаа, эрүүл мэнд эрсдэлд орлоо. Гамшгийн өндөржүүлсэн бэлэн байдлыг зарлачихсан байгаа. Малчид эрсдээд байгаа юм биш, Монгол Улс тэр аяараа эрсдэлд ороод байна. Одоо бид нэгдэж гамшгаас гарах, малаа алдсан малчдад төрөөс халамжийн бодлого явуулахаас өөр боломжгүй болно.