Монголын авто замчдын холбоо болон Замчин залуучуудын холбооноос өнөөдөр /2024.09.10/мэдээлэл хийлээ.
Тус холбооны зүгээс "Олон нийтийн сүлжээнд авто замчдын нэр хүндийг унагасан мэдээлэл цацагдаж байна. Энэ асуудлаар салбарынхаа нэр хүнд, компаниудын хийж бүтээж буй ажлуудын талаар мэдээлэл хийж байна. Авто замын салбарынхныг замын хашлагын мафи байгаа мэтээр буруу мэдээлэл цацаж байгаад бухимдаж байна. Замчдын ажлыг улстөржүүлэхээ болимоор байна. Авто замын хашлагын талаарх мэдээллийг буруу зөрүү мэдээлж байна. Замын чулуун хашлага буюу бродюрыг Хятад улсаас захиалан авч байгаа. Дотоодын цөөн хэдэн компаниуд энэ их бүтээн байгуулалтад чулуу нийлүүлэх боломжгүй байгаа. Мөн сүүлийн үед бетонон хашлага шаардлагад нийцэхгүй, богино настай байгаа. Жишээлбэл, Сөүлийн гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Төв шуудангийн хашлагыг 20 жил солиогүй. Бетонон хашлагаас 2-3 дахин үнэтэй зардлаар чулуун хашлагаар сольчихвол 20-30 жилийн насжилттай байна.
Хятад улсаас нэг ширхэг бродюрыг 35 мянган төгрөгөөр худалдана авч байна.
Гэтэл олон нийтийн сүлжээнд нэг ширхэг бродюрыг 12 мянган төгрөгөөр худалдан авч байгаа гэх мэдээлэл цацагдсан. Гаалийн мэдээллээр нэг килограмм бродюрыг 0.58 юаниар худалдан авч байгаа. Нэг ширхэг бродюр 130 кг жинтэй гэхээр 178 юань буюу 36.946 төгрөг болж байгаа юм. Татвар нь хуулиараа 20 хувь, НӨАТ-ын татвар 10 хувь гээд 30 хувийн татвартай. Нэг бродюр дээр 20.900 төгрөгийн гаалийн татвар төлж байгаа. Дараагийн зардал нь Замын-Үүд-Улаанбаатар хот хүртэлх тээврийн зардал нь таван сая төгрөг. Нэг машин 27 тонн чулуун бродюр ачих боломжтой. Нэгж үнээр тооцвол нэг ширхэг бродюр 25 мянган төгрөгийн зардлаар хотод ирж байгаа. Цаг хугацаа давчуу хоёр сарын хугацаа байгаа учраас вагоноор тээвэрлэх боломжгүй байна. Зөвхөн хотод тээвэрлэн ирэхэд 87 мянган төгрөгийн зардлаар орж ирж байна" гэв.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!