2023 онд тус үйлдвэрт АТГ-аас хэд хэдэн зүйл заалт бүхий зөвлөмж хүргүүлсэн. Энэ зөвлөмжийн дагуу хийж хэрэгжүүлж буй ажлын талаар Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд мэдээлэл хүргэлээ. Эрдэнэт үйлдвэрт авлигын эрсдэл үүсч болзошгүй 3 хэсэг бий.
1. Экспортын гэрээ
2. Овоолго ашиглах
3. Тендэр
Өмнө нь Эрдэнэт үйлдвэрт удирдах албан тушаал хашиж байсан дарга нь Лондонгийн төвд 4,5 тэрбумын үнэтэй барилга хувьдаа авчихсан байсныг хууль хяналтынхан тогтоосон. Улс төрд өндөр дээд албан тушаал хашиж байсан хүмүүс Эрдэнэтийн ирээдүйд хэрэглэхээр нөөцөлсөн овоолгыг нь хувийн компани байгуулаад авчихсан. Тендэр нь "Эрдэнэтийн шахаа" нэршилтэй болтлоо анхаарал татсан. Эдгээр авлига, ашиг сонирхолын зөрчилтэй асуудлыг шийдвэрлэхийн тулд юу хийж байна вэ?
Ерөнхий захирал Г.Ёондонгийн тайлбарласнаар : Экспортын гэрээг ил тод болгох үүднээс Биржийн тухай хууль батлагдсан. Энэ нь нүүрс, төмрийн хүдэр дээр амжилттай хэрэгжиж байгаа ч зэсийн баяжмал дээр Лондонгийн металлын биржийн үнээс дээгүүр авах газар төдийлэн олдохгүй байгаа. Эрдэнэт үйлдвэр Биржийн хууль батлагдснаас хойш нэг л удаа зэсээ Биржээр арилжжээ. Эрдэнэтийн исэлдсэн хүдрийн овоолгыг ашиглаж буй “Ачит ихт” тэргүүтэй 3 компаний 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмших , өнгөрсөн хугацаанд төсөвт орох байсан орлогыг нөхөн төлүүлэх асуудал шүүхийн шатанд явж байна.
Эрдэнэт үйлдвэр 2023 онд гэхэд 1500 тендэр зарласан. 5000-аад компани оролцож байгаа Тендэрийн үнэлгээний хороонд Эрдэнэт үйлдвэрийн 300 гаруй хүн орж ажилладаг. Хэдэн зуун хуудас бүхий тендэрийн материалтай үндсэн ажлынхаа хажуугаар уншиж танилцах хугацаа бага учраас алдаа гарах тохиодол бий. Тендэр шалгаруулалтыг хүний хамаарлаас гаргахын тулд тендэрийн үнэлгээнд хиймэл оюун ухаанд суурилсан технологи ашиглах туршилтыг хийж байна гэж мэдэгдлээ.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!