Сүүлийн үед хошин урлагийн хамтлагийн жүжигчид, зарим уран бүтээлчид зохиолчийн зөвшөөрөлгүйгээр зохиолоор нь тайзны болон дэлгэцийн уран бүтээл хийх, улмаар утга санааг нь гуйвуулж, ашиг олох зорилгоор оюуны өмчийг хулгайлж байгаа нь хэрээс хэтэрч байна. Тухайлбал, Төрийн соёрхолт зохиолч Ц.Доржготов болон шог зохиолч агсан Ж.Барамсай нарын зохиолоор удаа дараа зохиолчдынх нь зөвшөөрөлгүйгээр тоглолт болон инээдмийн контент хийжээ. Уг асуудлаар Монгол Улсын Боловсролын их сургуулийн Утга зохиолын тэнхимийн багш, утга зохиол судлаач, шүүмжлэгч, хэл бичгийн ухааны доктор Г.Батсуурьтай ярилцлаа.
-Утга зохиол судлаач, шүүмжлэгч хүний хувьд зохиолчоос зөвшөөрөл авалгүй бүтээлийг нь ашиглах, мөн зохиолын үзэл санааг мушгин гуйвуулж буйд та ямар бодолтой байдаг вэ?
-Манай хошин урлагийн жүжигчид хошин контент, шоу тоглолт хийхдээ зохиолчдын бүтээлийг ашиглахдаа зохиолчоос зөвшөөрөл авч, нэр усыг нь дурьдаад хийхэд нээлттэй. Гэтэл өнөөдөр зохиолчоос зөвшөөрөл авах нь бүү хэл утга санааг нь өөрчлөх, дотроос нь зарим хэсгийг нь тасдаж авах, дүрүүдийн нэрийг өөрчлөх гэх мэтээр ашиглаж байна. Энэ нь Оюуны өмчийн хуулиараа ч, Зохиогчийн эрхийн тухай хуулиар ч тэр оюуны өмчийн хулгай гэж үзэх бүрэн үндэстэй. Хулгай гэж үзэж буй үндэслэл нь зориудаар аваад, нэр дүрийг өөрчлөөд өөр зохиолчийн зохиолтой хольж хутгаж байгааг хулгай гэж үзэхээс өөр аргагүй. Энэ бол ул мөрөө баллаж буй гэмт үйлдэл. Тухайлбал, хошин урлагийн Х ТҮЦ продакшны тоглосон “Базарваань” гэх инээдмийн контент байна. Энэ нь Төрийн соёрхолт зохиолч Ц.Доржготовын “Цагийн өнгө” зохиолын гол дүр болох Базарваань хүүгийн нэрээр контентоо нэрлэж, өөрчилсөн байгаа юм. Мөн “Эцсийн амлалт” зохиолыг нь “Залхуу Дондог” гэх контент хийсэн, ингэхдээ эх зохиол дээрээ гардаг “Өнөөдөр цонхоо угаана аа, савантай усаа аваад ирээч” гэх мэт үг хэллэг, харилцан яриаг бүгдийг нь ашигласан хэрнээ дүрийнх нь нэрийг өөрчлөөд, өмнөх хойтохыг нь өөрсдөө дур мэдэн хувиргаад хийчихсэн байгаа юм. Энэ бол цэвэр ул мөрөө баллах гэсэн, дараа нь ямарваа нэгэн асуудал үүсэхэд булзах гэсэн, асуудлаас зугтахыг санаархсан, зохиогчийн эрхийг зөрчсөн асуудлаас бултах гэсэн арга заль шүү дээ. Түүгээр ч барахгүй “Хотын найз” гэх өгүүллэгийг нь жүжигчин Аглуу буюу Л.Баттулга, Т.Бархүү нар мөн л “Атаархуу Аглуу” гэх цуврал контент хийж, сүүлдээ бүр арилжаа сурталчилгааны зорилгоор олон компанийн сурталчилгаанд ашиглаж, цэвэр бизнесийн зорилгоор удаа дараа тоглосон. Аливаа зохиол бүтээл бичигдсэн цагаасаа эхлэн тухайн хүний мэдэлд 50 жил байдаг бөгөөд зөвшөөрөл авч ашиглах ёстой гэсэн хуультай. Гэтэл өнөөдөр амьд сэрүүн байгаа манай том зохиолчдын нэг төлөөлөл болох Ц.Доржготов гуайн зохиол бүтээлийг зөвшөөрөлгүй аваад, өөрийнх нь нийгэмд хэлэх гэсэн санааг бус хэтэрхий марзагнал болгож буй нь доромжилж байгаа хэрэг. Нөгөө талаасаа ерөөсөө хулгай. Иймд зохиогчийн эрхийн асуудалд манай уран бүтээлчид, зохиолчид одоо нэг санаатай байж өөрсдийн эрх ашгаа хамгаалдаг байх хэрэгтэй байна.
-Эх зохиолыг нь авснаа хүлээн зөвшөөрч байгаа хэрнээ тайзны зохиол гэх нэрээр өөрсдийгөө өмгөөлсөөр байгаа?
-Тайзны зохиол гэдэг тусгай төрөл жанр утга зохиолд байхгүй. Харин жүжгийн зохиол гэж байдаг бөгөөд жүжгийн зохиолыг жүжгийн зохиолч бичээд жүжигчид тайзан дээр тоглодог. Тайзны зохиол гэх мэтээр ямарваа нэгэн хэлбэрээр бултаж булзааруулж байгаа нь хулгайгаа далдлах гэсэн явуургүй арга. Иймд хууль шүүхийн шатанд явж байгаа энэ асуудал дээр мэргэжлийн хүмүүсийн баг гаргаж ажиллуулах хэрэгтэй. Манай мэргэжлийнхэн ийм саналаас татгалзахгүй, оролцоход бэлэн гэдгээ хэлэхийг хүсч байна. Үнэхээр тайзны зохиол гэж тусдаа зүйл байдаг үгүйг утга зохиолын мэргэжлийн судлаач, шүүмжлэгч бид батлаад өгөхөд бэлэн байна.
-Зохиолчдын бүтээлийг үнэлэх үнэлэмж манай улсад тодорхой бус байгаа нь ийм маргаан гарахад хүргэв үү?
-Зохиолчийн үнэлэмжийг тогтооход хууль зүйн талаасаа Дээд шүүхээс дүгнэлт гаргуулж болно. Харин бодитоор гаргана гэвэл тухайн үед тоглосон тоо давтамж, зарагдсан билетийн тоо ширхэг гэх мэтээр гаргаад зохиолчид тодорхой хувь урамшуулал өгөх ёстой. Дэлхийн жишигт орлогын тэдэн хувь гэдэг ч юм уу зохиолчтойгоо гэрээ байгуулаад үнэ хөлсийг нь төлдөг. Тэр ч байтугай зохиол бүтээлийг нь ашиглахдаа нэг жилээр, 5 жилээр ч гэх юм уу хугацаатайгаар эзэмшиж болдог жишиг ч бий. Зарим тохиолдолд зохиолоо аль нэгэн хэвлэлийн компанид ч юм уу насан туршдаа эзэмшүүлэх тохиолдол ч бий. Иймд зохиолчийн нэр хүнд, нийгэмд эзлэх байр суурь, үзэгч, уншигчдаас өгсөн үнэлэмж гээд бүх талаас нь үзэж хараад үнэлгээг тогтооход болохгүй юм байхгүй. Ашиг орлого гэхээсээ илүүтэй зохиолчийн нэрийг дурьдах, үзэл санааг нь мушгин гуйвуулахгүй байх нь маш чухал. Зохиогчийн эрхийн тухай хуулиар манай хөгжмийн зохиолчид өөрсдийн уран бүтээлээ үнэлүүлж чадаж байгаа. Харин одоо манай уран зохиолчид энэ тал дээр үнэлүүлэх зайлшгүй шаардлага гарч ирж байгааг Ц.Доржготов гуайн шүүхэд хандсан гомдлоос харахад тодорхой байна.
Ер нь манай уран бүтээлчид, жүжигчид аливаа зохиол бүтээлийг зохиолчоос нь зөвшөөрөл авч, гэрээ хэлцэл хийж, тодорхой хэмжээний үнэ хөлсийг нь төлөөд ашиглаж байх нь зүйтэй. Анхнаасаа Ц.Доржготов зохиолчийн хувьд нэрийг минь тавь, утга санааг минь бүү гуйвуул, зөвшөөрөл авч бай гэсэн энгийн шаардлага тавьж байхад Х ТҮЦ продакшны жүжигчин Н.Онон, И.Одончимэг нар зориуд ул мөрөө баллах гэж зохиолуудынх нь баатруудын нэр зүсийг нь өөрчлөх, утга санааг нь гуйвуулсан учир шүүхэд хандсан юм байна. Гэхдээ утга зохиолын салбарын хүний хувьд зохиол бүтээлээ үнэлүүлэх ёстой гэсэн байр суурьтай байна. Ингэж нэг жишиг тогтоож өгөхгүй бол ийм оюуны өмчийн хулгай улам гаарч, зохиолчийн санааг бус марзагнал болгодог байдал хэвээрээ байх болно. Зохиолын санаа гэдэг тухайн зохиолын амин сүнс. Тэр нь зохиолчийг зохиолч болгож харагдуулдаг гол зүйл нь. Санааг өөрчилнө гэдэг байж болшгүй доромжлол. Нэг үзэгчээс 20 мянган төгрөг авахын төлөө, нэг орой тоглолт хийх гэсэн арчаагүй бизнесийнхээ төлөө зохиолын санааг өөрчилж болохгүй ээ. Үнэхээр зохиол нь таалагдаад, уран бүтээл хийе гэж байгаа бол зөвшөөрлөө ав, нэр усыг нь тавь. Үгүй бол өөрсдийнхөө яриад байгаа тайзны зохиол гэх юмаа бичээд тоглож байх хэрэгтэй. Чадахгүй байгаа учраас л хүний оюуны бүтээлийг хулгайлж байна. Дүрүүдийнх нь нэрийг өөрчлөөд, хоёр зохиолчийн зохиолыг хооронд нь хольж хутгаад тоглож байгаа нь жинхэнэ ул мөрөө баллаж буй гэмт үйлдэл. Одоохондоо хууль шүүхийн байгууллага маань ч энэ гомдол дээр илүү туршлагажиж, жишиг тогтоож өгөх хэрэгтэй.