Хотод морь уралдуулдаггүй, хөдөөд уралддаг. Тал тэгш газар бараадаж хурдан морио уралдуулах нь ойлгомжтой. Түүнийг унаач залж чиглүүлж таарна. Унаач нь хэн байх вэ. Уралдаж байгаа учраас бага жинтэй хүүхэд сонгоно. Өөр хэнийг гэж. Монгол морин уралдаан 10-24 км алсад тэсвэр тэвчээр, хурд хүч, авхаалж самбаа шаарддаг шүү дээ. 

Монгол уламжлалаар хөвгүүд морин дэл дээр хүн болж өсөж торнидог нь ийм учиртай. Тэгвэл уламжлалт монгол ахуй өнөөдөр мотоциклиор солигдсон. Ахуйн хэрэглээ үнэнд гүйцэгдсэн учраас залуус мотоцикль хөлөглөж, хялбар хурдан хөсөг сонгож эхэлсэн юм. Дэлхийн I дайны дараа эрэмгий дайчин морьд алга болсонтой адил. Ахуйн хэрэгцээ ч аль тухтай унаа хөсгийг илүүд үзэх болсон нь хөгжлийн явц юм. Ердөө л хөгжил.

 
Тэгвэл адууг эрлийзжүүлэн үүлдэр угсааг сайжруулах нь шинэ төвшинд гаргах буюу мэргэжлийн спортоор дамжуулан эдийн засагт шинэ солонго татуулах боломж байгаа. Гэтэл бидэнд бэлэн байгаа энэ боломжийг сүүлийн таван жилд Өвөрмонголчууд хүртсэн нь харамсалтай. Хятадын улаан туг агссан монгол морьтнууд хэдэн зуугаараа цас үсэргэн давхих бичлэгүүд олон нийтийн сүлжээнд давамгайлах болжээ.

 





Уг нь уламжлалт соёл, үүх түүхээ сөхвөл бид энэ салбарт ноёрхох ёстой. Олон зуун жилийн түүхтэй морин уралдаанууд үүний гэрч. Гэвч Монгол Улсын Засгийн газраас 2019 онд өвлийн болон хаврын улиралд хурдан морины уралдаан хийхийг хорьсноор энэ төрлийн спорт Хятадын хэд хэдэн мужид эрчимтэй хөгжих болсон. Тэд өндөр цалин хангамж амлан монгол уяачид, унаач хүүхдүүийг ажиллуулан уралдуулж эхэлснийг Хонконгийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгсэл онцолсон байна. 


“Цасан шуурганд хятад мотоциклиор малаа хариулж явсан олон малчин шуурганд уруудан амиа алдсан гэдгийг мэдэхээс морио унасан монгол хүн тэр бүр цагийн хахир хатууд энддэггүй. Монгол, хүн морь хоёр ийм л амин холбоотой байдаг байхгүй юу. Эзэн нь морио биш бол морь нь эзнээ аваад явчихдаг” гэх хашир өвгөдийн яриа бий.