Монгол хүний эрүүл мэндийг тэтгэх сүүний хэрэглээг 3 дахин нэмэгдүүлэх зорилгын хүрээнд АПУ Дэйри Монгол сүүний үйлдвэр нь Хүнс Хөдөө Аж Ахуй Хөнгөн Үйлдвэрийн Яам, Хаан банк, Монголын Тогтвортой Санхүүжилтийн Холбоо, Сүүний салбарыг хөгжүүлэх үндэсний зөвлөлтэй хамтран сүүний фермерүүд болон малчид, тариалан эрхлэгчдэд хамтын өгөөжтэй бодлого, хөрөнгө оруулалт, чанар, стандартыг мэргэжлийн түвшинд хүргэх цогц хамтын ажиллагааг эхлүүлж байна.
Монгол улсын хүнсний тухай хуулиар сүү, сүүн бүтээгдэхүүн нь стратегийн хүнс бөгөөд Монгол хүний эрүүл мэндэд нэн хэрэгцээтэй хүнсний гол нэр төрөл юм. Гэвч дотоодын сүүний хэрэглээ НҮБ-ын ХХААБ-ын зөвлөмжөөс 5 дахин бага байгаа нь дэлхийд хойгуур орж буй үзүүлэлт болж хүн амын эрүүл мэндэд томоохон эрсдэл дагуулж байна.

Тиймээс уг түншлэлийн хүрээнд сүүний салбарт хамтын өгөөж бүхий дэвшилтэт экосистемийг бүрдүүлэх замаар малчид, тариаланчдад тогтмол орлоготой суурь бизнес болж хөгжих боломж бий болгосон хамтарсан стратеги хэрэгжүүлж салбарын хөгжлийг шинэ шатанд гаргахаар зорьж байна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр: “Төв суурин газрын хүн ам өсөхийн хэрээр сүүний нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах нь нэн тэргүүний асуудал болж байна. Гэвч уламжлалт мал аж ахуй энэ хэрэгцээг хангах боломжгүй болж байгаа тул газар тариалан, тэжээлийн нөөц баазад тулгуурласан эрчимжсэн фермийн аж ахуйг хөгжүүлэх шаардлага урган гарч байгаа. Монгол Улс сүүний хэрэглээнийхээ 60 орчим хувийг импортоор авч байгаа нь гадаад валютын урсгалыг нэмэгдүүлж, дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх зайлшгүй хэрэгцээг бий болгож байна.

Тэр дундаа хүүхэд багачуудын сүүний өдөр тутмын хэрэглээ олон улсын жишгээс 5-8 дахин бага байгаа нь эрүүл мэндийн тодорхой асуудлууд, тэр дундаа амин дэмийн дутагдал, шүдний өвчлөл үүсэхэд нөлөөлөх болсон. Тиймээс Засгийн газар “Атрын IV” аяны хүрээнд газар тариалан, мал аж ахуйг эрчимжүүлэн төрөлжүүлж, сүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх бодлого баримталж байна. Энэхүү бодлогын хүрээнд сүүний нийлүүлэлт, үйлдвэрлэлийг тогтвортой өсгөх, кластерыг хөгжүүлэх замаар дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах зорилт тавигдсан” гэдгийг онцолсон юм.
Түншлэлийн хүрээнд сүүний фермерийн менежмент сайжирч, сүүний үхрийн тэжээл бэлтгэлийг уялдуулснаар мал, аж ахуй, газар тариалангийн бодлогын харилцан үр өгөөжтэй, оновчтой хослол бий болж хөдөө аж ахуйн салбар шинэ түвшинд гарна гэж үзэж байна. Санхүүгийн ээлтэй нөхцөл, үйлдвэрлэл эрхлэгчээс малчид, фермерүүд, тариалан эрхлэгчдэд олгож буй технологи, ноу-хау нэвтрүүлэх боломж бүхий төрийн бодлоготой уялдсан эдгээр шийдлүүд нь өндөр орлоготой малчид, фермерүүдийг бий болгохын зэрэгцээ эрүүл мэндийн чухал хүнс болсон сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэгчдэд өндөр чанартайгаар тогтмол хүрэх хөгжлийн суурь нөхцлийг бүрдүүлж байгаа юм.
АПУ Дэйри компани нь дэлхийн шилдэг, сүүний хөгжлийн гол тоглогч Илли компанийн Хар тарлан буюу Холстейн үүлдрийн сүүний өндөр гарцтай эрчимжсэн үхрийг сүү нийлүүлэгч малчид, фермерүүдэд хөнгөлөлттэй нөхцлөөр нийлүүлэх бөгөөд зөвхөн эрчимжсэн үхэр нийлүүлээд зогсохгүй тэжээлийн жор орц, техник тоног төхөөрөмжийн шилдэг шийдлүүд, үхрийн эрүүл мэнд, үржлийн менежментийн чиглэлээр Монголд тохирох аргыг олон улсын мэргэжлийн багийн хамтаар боловсруулж, нутагшуулахаар болсон нь олон улсын шилдэг туршлага, менежмент, стандартыг цогцоор нь эрчимжсэн мал аж ахуйд нэвтрүүлэх эдийн засгийн өндөр өгөөжтэй чухал алхам болж байна.
Түншлэлийн ач холбогдлыг АПУ Дэйри Монгол Сүүний Үйлдвэрийн Гүйцэтгэх захирал Г.Баярмагнай хэлэхдээ: “Өндөр гарцтай сүүний эрчимжсэн үхрийг дотоодод нийлүүлснээр малчид фермерүүдийн орлого 25-30% -иар өсөх боломжтой бөгөөд хөдөө орон нутагт шинэ ажлын байр бий болгосон эдийн засгийн томоохон ач холбогдолтой бодит ажил хэрэг болж байна.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!