Цэнхэр суманд менингоккокт халдварын тохиолдол бүртгэгдлээ. Энэ сарын 25-ны 19:40 минутад орчим 5 настай эрэгтэй хүүхдийн биеэр тууралт гарсан, өндөр халуурч байна гэх дуудлага Цэнхэр сумын Эрүүл мэндийн төвд иржээ. Дуудлагын дагуу тус сумын эмч нарыг очиход хүүхдийн биеийн байдал хүнд, менингоккот халдварын шинж тэмдэгтэй байсан учир аймгийн Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт шилжүүлж, шаардлагатай эмчилгээг цаг алдалгүй хийсэн боловч тухайн хүүхэд нас баржээ. Халдвар гарсан голомтод аймгийн ЭМГ-аас удирдамжийн дагуу хариу арга хэмжээний баг холбогдох арга хэмжээг авч байгаа юм байна. Тухайн хүүхэд Цэнхэр сумаас 65 км зайтай Цагаансүм гэх газар эцэг эхийн хамт амьдардаг байсан байна. Эцэг эх нь шинж тэмдэг илэрсэн даруйд эрүүл мэндийн байгууллагад хандаагүйгээс хугацаа алдаж, хүндэрчээ.

Менингококкт халдвар нь богино хугацаанд хүндрэх эрсдэлтэй, амьсгалын замын цочмог халдварт өвчин юм. Менингококкт халдвар эрүүл хүний биед орсноос хойш дунджаар 5-7 хоног, хамгийн багадаа 3 хоног, хамгийн ихдээ 10 хоногийн турш шинж тэмдэг илрэлгүй, нууц үед байдаг.

Уг халдвараар бүх насны хүмүүс өвчлөх эрсдэлтэй боловч 0-5 насны хүүхдэд эрсдэл илүү өндөр байдаг. Өвдсөн тохиолдолд маш хурдан хүндэрдэг тул эмнэл зүйн дараах шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд цаг алдалгүй эмнэлэгт хандаарай. Эдгээрт:
❗️Өндөр халуурах
❗️Толгой хүчтэй өвдөх
❗️Бие дээр тууралт гарах
❗️Бөөлжих
❗️Ядарч сульдах
❗️Хоолонд дургүй болох
❗️Хурц гэрэл дуу чимээ зэрэгт цочимтгой болох
Таны хүүхдэд эдгээр шинж тэмдэг илэрсэн тохиолдолд яаралтай эрүүл мэндийн байгууллагад хандаж эмчийн заавраар эмчилгээг эхлүүлэх шаардлагатай.
Менингококкт халдвар нь амьсгалын замын халдварт өвчин учраас бусад амьсгалын замын халдварт өвчнүүдтэй ижил төстэй урьдчилан сэргийлэх аргуудыг хэрэглэнэ. Үүнд:
✅Гараа тогтмол угаах, хувийн ариун цэврийг сахих;
✅Өрөө, тасалгааг агааржуулах, чийгтэй цэвэрлэгээг тогтмол хийх;
✅Олон хүн цугларсан газраар явахдаа амны хаалт зүүх;
✅Буцалгасан, савласан ус ууж байх;
✅Хоолой, амны хөндийг сод, царвангийн уусмалаар зайлах;
✅Бусадтай аяга, таваг, халбагаа хувааж хэрэглэхгүй байх;
✅Улиралд тохируулан дулаан хувцаслах;
✅Биеийн дархлааг сайжруулж витаминаар баялаг хоол, хүнс хэрэглэх зэрэг орно.

Эх сурвалж: Тамир телевиз /Архангай аймаг/