Хан-уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэхмэлийн 12,13,17,18 дугаар орон сууцуудыг  буулган, дахин төлөвлөлтийн төслийг зарласан билээ. 2021 оны 8-р сард  уг төслийг хэрэгжүүлэгчээр “Харү констракшн” ХХК шалгарч 374 айлын “Бадрах” хотхон төслийг эхлүүлэн 2023 оны 5-р сард хүлээлгэж өгөхөөр тохирч дахин төлөвлөлтийн 108 айл болон шинээр 266 айлын захиалга авсан байдаг. Ингээд өнөөдрийг болтол ашиглалтад оролгүй 2 жил хугацаа хэтэрч нийтдээ 4 жилийн турш төсөл үргэлжилж байгаа нэртэй өнөөдрийг хүрчээ. Энэ хугацаанд  100 хувь төлөлт хийгээд захиалгаа өгсөн 200 гаруй өрх хохироод байгаа аж. Өнөөдөр буюу 2025 оны 4.11-нд буй захиалагч иргэд төсөл хэрэгжүүлэгч  “Харү констракшн” ХХК-ийн удирдлагатай уулзаж шаардлага тавьсан боловч тодорхой шийдэлгүй буцацгаалаа.  Тус компаний зүгээс дахин төлөвлөлтийн төслийг хурдан гүйцэтгэдэг компани угаасаа байхгүй, ажил үе шаттай явж байна. Гол шалтгаан нь газар доогуур явж буй дэд бүтцийн шугамыг улс хийж өгөөгүй, хувиараа хөрөнгө гаргаж хийсэн учир хүндрэлтэй байна гэсэн тайлбарийг өглөө. Мөн улсын комисст эхний хоёр барилгаа хүлээлгэж өгөх хүсэлтийг тавьсан, улс хэзээ авахыг бид мэдэхгүй хэмээн тайлбарлаж буй. Харин иргэдийн зүгээс  “Харү констракшн”-тай нийт  15 удаагийн уулзалт хийж хүлээцтэй хандаж, тэвчиж ойлгож ирсэн ч эцэст нь хэзээ орон сууцаа хүлээж авах эсэх нь тодорхойгүй үлдлээ. Сүүлийн уулзалтаар төсөл гүйцэтгэгч компаний зүгээс энэ оны 2 сарын 15-нд ашиглалтад оруулна гэж иргэдийг буцаасан боловч түүнээс 2 сар гаруй хугацаа өнгөрчээ. Ажил удааширч цаг явах тусам дунд нь төлөлтөө  хийсэн 200 гаруй өрх эдийн засаг, сэтгэл зүйгээрээ хохироод явж байна. Манайд ер нь орон сууцны  урьдчилсан захиалга гэдэг зүйл иргэдийн эрхийг зөрчин, эцэст нь хохироож шүүх дээр очиж заваарч явсаар дуусдаг муухай жишиг тогтчихоод байна.