Хачиг бол жижиг биетэй, нүдэнд бараг үл үзэгдэх хэмжээний паразит шавьж бөгөөд хүний болон амьтны цусаар хооллодог. Тэд байгальд — ой мод, өвсөнд амьдарч, халуун дулаан улиралд буюу хавар, зундаа хамгийн идэвхтэй байдаг. Монгол орны хувьд сүүлийн жилүүдэд хачигтай холбоотой өвчлөлийн тоо өсөх хандлагатай байгааг мэргэжилтнүүд анхааруулсаар байна.

Хачиг хэрхэн аюул учруулдаг вэ?

Хачиг өөрөө хүний биед шууд хохирол учруулахгүй ч тэдгээр нь олон төрлийн аюултай халдварт өвчний дамжуулагч болдог. Монголд хамгийн түгээмэл нь хачигт энцефалит (тархины үрэвсэл), туляреми, хачигт боррелиоз (Лаймын өвчин) зэрэг халдварууд юм. Эдгээр өвчин нь зарим тохиолдолд амь насанд аюул учруулж болзошгүй.

Хачиг нь ихэвчлэн амьтны биед наалдаж цус сордог бөгөөд ой модоор зугаалж явах үед хүний арьсанд наалдах эрсдэлтэй. Тэдгээр нь өвдөг, суга, хүзүү, чихний ар тал, бүсэлхийн хэсэг зэрэг нимгэн арьстай газруудад амархан шигддэг. Хачигт хазуулсны дараа 3-21 хоногт бие суларч, толгой хүчтэй өвдөх, хэл цайвар өнгөртэй болох, хүзүү хөших, нүүр, гар, хөл мэдээгүй болж саажих, хэт их унтах зэрэг шинж тэмдэг илэрдэг.

Хачигт хазуулах үед авах арга хэмжээ

Хэрэв таны биед хачиг шигдсэн бол дараах алхмуудыг дагаарай:

  1. Хачигны толгой, хошууг хурц үзүүртэй хямсаагаар хавчин маш болгоомжтой ганхуулж, аажмаар суллан татаж авна. Шууд татан авч болохгүй, хошуу, толгой арьсанд үлддэг. Мөн оёдлын бүдүүвтэр утсыг хачгийн толгойд аль болох ойрхон зангидаж мушгин татах хөдөлгөөнөөр авч болно.
  2.  Хачиг хазсан газрыг спирт, иод, тамедин, сод, савантай буцалсан ус, марганцын сул уусмалаар арчих
  3.  Хүйтэн жин тавих 
  4. Эмчид яаралтай хандах 
  5. Хачгийг шилэн сааванд хийж шинжилгээнд өгөх. 
  6. Хачиг хазсан газрыг спирт, иод, тамедин, сод, савантай буцалсан ус, марганцын сул уусмалаар арчих

Хачигнаас хэрхэн сэргийлэх вэ?

  • Байгальд гарахдаа урт ханцуйтай хувцас, урт өмд өмсөх

  • Малгай, нүдний шил хэрэглэх

  • Хачиг үргээх тусгай бодис (репеллент) хэрэглэх

  • Зугаалаад ирсний дараа биедээ үзлэг хийх

  • Нохой, мал амьтдыг тогтмол хянан, хачигны эсрэг үйлчилгээтэй хүзүүвч, эм хэрэглэх

Хачиг нь бидний өдөр тутмын амьдралд төдийлөн анзаарагддаггүй ч хүний эрүүл мэндэд бодит аюул учруулж чаддаг. Иймээс мэдлэгтэй байж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг тогтмол авах нь хамгийн найдвартай хамгаалалт юм. Байгальд гарах нь сэтгэл санааг сэргээж, эрүүл мэндэд тустай боловч хачигнаас сэргийлэхийг мартаж болохгүй.