Өнөр Бүл Хүүхдийн Төв
Хором мөч бүр нь өнгө өнгөөр будагдаж байдаг амьдралд бяцхан зүрх бүхний төлөө ажиллаж, төлөвлөж, хийж, бүтээж байдаг “Өнөр бүл” хүүхдийн төвийг энэ удаагийн нийтлэлдээ онцоллоо.
Хэн нэгний амьдрах аж төрөх хугацаанд бусдаас дундуур мэдрэмж ямар нэгэн шалтгаанаар үүсдэг гэж үзвэл мөнөөх мэдрэмж хэрэгцээ шаардлагыг дүүргэх зорилгоор “Өнөр бүл” хүүхдийн төв аль хэдийн 2-19 насны хүүхдүүдийн гэр бүл болон 50 жилийг ардаа үджээ.
“Өнөр бүл” хүүхдийн төв анх 1974 онд Асрамжийн 58 дугаар цэцэрлэг нэртэйгээр байгуулагдаж, 2014 оноос Хүүхдийн хөгжил, хамгааллын төвийг нэгтгэн өргөжүүлж үйл ажиллагаагаа явуулж байна. Байгуулагдсан цагаас одоог хүртэл нийт 700 гаруй хүүхэд “Өнөр бүл төв”-өөр овоглон суралцан хүмүүжиж, амьдралд хөл тавьсан түүхтэй.
Аав ээжийнх нь аль нэг нь хөдөлмөрийн чадвараа 70 хувиас дээш алдсан эсвэл сэтгэцийн өвчтэй, хорих ангид ял эдэлж буй, архины хамааралтай зэрэг зайлшгүй шалтгаанаар харгалзах хүнгүй үлдсэн хүүхдүүд. Тэд 18 нас хүртлээ халамж, үйлчилгээ аваад асрамжийн төвөөсөө бие даасан амьдралд шилжинэ. Харин тэр хүртэлх цаг хугацаандаа багш ээж, шинэ гэр бүл, найз нөхөдтэй болж, хамтдаа хөгжин, хүсэл мөрөөдөл, хүмүүжил зорилго төлөвшлөө “олж авна”.
“Өнөр бүл хүүхдийн төв”-ийн захирал М.ӨНӨРЧИМЭГ:
“Заримдаа хүүхдүүд минь надтай 10 удаа мэндэлдэг, яагаад ч юм “сайн байна уу багшаа” гэмээр болдог юм шиг байгаа юм. Энэ үйлдлээс эхлүүлээд их хөөрхөн, энэ салбарт 8 жил ажиллахад, хүүхдийн орчин гэдэг өөрөө маш гэгээлэг энерги сайтай байдаг юм байна гэж боддог. Хүүхдүүдийнхээ өрөөг гоё болгоё гээд л ажил эхлүүлбэл цаанаасаа бүх зүйл нь бүтээд, будаг хайлаа гэхэд хямд будаг олдох бусдаас тусламж ирэхээс авхуулаад их гоё санагддаг. Ялангуяа зуслан дээр инээж тоглож байгаа цаг үе хамгийн сайхан.” /инээв/
Тус төв хүүхдүүдийн амьдрах өрөөнөөс гадна номын сан, эмнэлэг, сэтгэл зүй, компьютер, гар урлал, зураг, спортын дугуйлан зэрэг хүүхэд багачуудын хөгжих, амрах, чөлөөт цагаа өнгөрүүлэх орчин, нөхцөл бүрдүүлсэн тухай танилцууллаа. “Өнөр бүл хүүхэд хүмүүжлийн төв” нийт хүүхдүүдээ нийгэмшүүлэх, өөр хүүхдүүдтэй харилцуулах үүднээс олон сургууль, цэцэрлэгт хүүхдүүдээ хүргэж өгдөг байна. Тус төв тун дэг сайтай аж. Нэг багш 13-14 хүүхэд хариуцан ажиллах бөгөөд хүүхдүүд өрөөндөө дөрөв, таваараа амьдарна. Тодорхойлж хэлбэл аавынх нь оронд аав, ээжийнх нь оронд ээж болж 24 цагийг хүүхдүүдэд зориулан ажиллаж байна. Өрөөнд нь ороход эмх цэгцтэй. Тэд өдрийн хоолоо идэж, зарим нь зурагт үзэж байв.
Охид болон хөвгүүд тусдаа давхарт байрлаж амьдардаг. Хүүхдүүд өрөөндөө хуваагдан амьдарч тухайлбал 4 охин нэг өрөөнд амьдрах бөгөөд том нь багадаа халамж тавьж, хамтдаа хоолоо хийж бие биетэйгээ ярилцаж, нэгэндээ зааж, туслан амьдардаг. "Өнөр бүл" төвийн багш нар хүүхдүүдтэйгээ ярилцаж, хичээлийг нь давтуулж, хэрэгцээт зүйлсийг нь тодорхойлж зөвлөн туслах үйлчилгээг үзүүлдэг. Цаашлаад эцэг, эхийн хурал зарлавал очиж, эмнэлэгт хэвтвэл сахих зэрэг гэр бүлийн асран хамгаалах ямар л үүрэг хариуцлага байна бүгдийг тэд үүрч орлохыг хичээдэг. Тодорхой шалтгааны улмаас ээж аавтайгаа хамт байхгүй байгаа ч гэсэн зураг зурвал аав, ээжийгээ зурж, хамгийн хайртай хүнийг нь асуувал аав ээжийгээ гэж уулзахыг хүсдэг санадаг хүн нь аав ээж нь хэвээр байсаар л байна. Дуу дуулахдаа, дуг нойронд автахдаа ч ээж ааваа гэр бүлээ санагалзсаар байдгийг төвийн багш нар маань хэлж байлаа.
"Өнөр бүл"-ийн хүүхдүүд гэр бүлтэй дүйцэх орчинд амьдарч байна, гэж хэлж болохуйц орчин нөхцөлтэй байлаа. Өрөөний хаалгаар орж байх үед 8 настай хүү плиткээ хичээнгүйлэн угаахын хажуугаар хүн бүртэй мишээл дүүрэн мэндчилж байлаа. Дөнгөж хүнсээ цуглуулаад орж ирлээ гэх ээж багшийн дуутай зэрэгцэн харвал ширээ дүүрэн шинэхэн жимс, гурилан бүтээгдэхүүн, хоолны дагалдах хэрэгслүүд өрөөтэй байлаа. Хамгийн гол нь ширээний хажууд жижигхэн гартаа хичээнгүйлэн барьсан тарвасаа амтархан идэх хүү өрөөний гол дүр байлаа.
Давхар бүр нь өнгөлөг, зохион байгуулалт сайтай төдийгүй шүдний кабинет, хүүхэд хөгжил, сэтгэл зүйн өрөө, ганцаарчилсан ярилцлага хийх хэсгүүдийг тусгайлан тохижуулж өгсөн нь хүүхдийн төлөө сэтгэлтэй байгууллага болохыг илтгэж байлаа. Анхан шатны суурь хэрэгцээ, хичээлээс гадуурх үйл ажиллагаа, ур чадвар, авьяас, ирээдүйн санхүү, хуримтлал зэрэг бүхий л зүйлд нь анхаарал тавьж, хүүхдүүд багш нартайгаа яг л ээж, аавтайгаа харьцаж буй юм шиг ярилцаж зөвлөлцөх нь сайхан сэтгэгдэл төрүүлж байв.
6 настай хүү өөрөө ороо хураана, бүгдийг нь өөрөө хийх гэж хичээж, гараа сайн гэгч нь анхаарч угаана. Багш бүгдийг нь зааж өгдөг гэж хариулаад, 2 дүүтэй, 2 эгчтэй, нэг ахтай, гээд бүгдийг нь ярьж байлаа. Төрийн халамжид ирсэн нэг айлын зургаан бяцхан зүрх. Гэрээ санаж байна уу, гэсэн асуултад "ээж аавыгаа л санаж байна" гэж хариулах бяцхан хүү. Гэтэл 6-гийн 6 хүүхдээсээ аль хэдийн татгалзаж ээж байх эрхээ хасуулах бодолтой эх хүн. Том хүн гэж нэрлэгдэх нас бие гүйцсэн ухамсаргүй хүний хариуцлагагүй үйлдэл тэднийг ийм л амьдрал мэдэрч, давж туулахад хүргэж байна.
Хүүхдүүд маш их уйлж, шаналж, ганцаардаж, бодол болж, ээж аавдаа 1000 удаа гомддог ч 1001 удаа уучилж хүлээсээр байна...
2024.04.24
Э.Бямбасүрэн
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!