Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 2025 оноос эхлэн цогц арга хэмжээ авч эхэлж буйг салбарын сайд Л.Энх-Амгалан мэдээллээ.

2024 оны байдлаар улсын хэмжээнд 14.6 мянган хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бүртгэгдсэн бөгөөд эдгээрийн 76.2 хувь нь төрөлхийн шалтгаантай байна. Гэвч одоогоор 814 хүүхэд цэцэрлэгт, 1,263 хүүхэд ерөнхий боловсролын сургуульд хамрагдаж чадахгүй байгаа нь боловсролын хүртээмжийн асуудал байсаар байгааг харуулж байна.

Иймээс засгийн газраас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан “Дэмжих төв”-ийн үйлчилгээний хүртээмжийг өргөжүүлж, 2025 онд хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй 1,100 гаруй хүүхдийг хөгжүүлэх тусгай үйлчилгээний хөтөлбөрт хамруулахаар төлөвлөжээ.

Судалгаагаар хүүхдийн хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийг эрт үед нь илрүүлж, тохирсон дэмжлэг үзүүлбэл хөгжлийн бэрхшээлийг 30 хүртэлх хувиар бууруулах боломжтой болох нь тогтоогдсон байна. Тиймээс 2021 онд батлагдсан гурван яамны хамтарсан тушаал (ЭМЯ, БШУЯ, ХНХЯ – А/220, А/475, А/812)-аар дамжуулан хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг илрүүлэх, шаардлагатай тусламж, үйлчилгээ үзүүлэх тогтолцоог боловсронгуй болгоод байна.

Энэхүү бодлого, үйл ажиллагаа нь хүүхдийн боловсролын тэгш хүртээмжийг хангах, нийгэмд бүрэн оролцох нөхцөлийг бий болгох чухал алхам болж байгаа юм.