Сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн салбарт урьд өмнө байгаагүй бодлогын эрс шинэчлэл хийгдэж буй. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан энэ салбарт төвлөрлийг сааруулах, орон нутгийн иргэдийг чанартай тусламж үйлчилгээ авах боломжоор хангах, мэдээллийн системийг цахимжуулах, эмчилгээ оношилгооны чанарыг олон улсын түвшинд хүргэх зорилт дэвшүүлжээ.

Үндэсний баг – эмч нарын түргэн тусламж

2024 оны наймдугаар сараас эхлэн 2025 оны гуравдугаар сар хүртэл 9 аймагт томилогдон ажиллаж буй 13 "үндэсний баг" орон нутгийн 4000 гаруй иргэнд төрөлжсөн үзлэг хийжээ.

102 хүнд хавдрын ангиографийн оношилгоо, 66 хүнд хавдрын ангиографийн эмчилгээ хийж, 365 хүнийг зүрх, тархины ангиографийн оношилгоо, 178 хүнийг судсанд дотуурх эмчилгээнд хамруулснаас гадна хавдрын хими эмчилгээнд 108 хүн, хавдрын мэс засалд 40 хүн, гэмтлийн мэс заслыг 24 хүнд хийгээд байна.

Энэ бол зөвхөн нийслэлд төвлөрсөн эмчилгээний тогтолцоог задлах алхам. Мэргэжлийн эмч нарын баг орон нутагт очиж, эмнэлгийн ажилтнуудад сургалт хийж, орчин үеийн эмчилгээний арга, технологи нэвтрүүлж байгаа нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тэгш хүртээмжийг бий болгож байна.

Монгол Улсад жилд 6000 гаруй хүн хорт хавдраар оношлогдож, 4000 орчим хүн амь насаа алддаг гэсэн баримт бий. Энэ ноцтой тоог өөрчлөхөөр Эрүүл мэндийн яам “Хорт хавдраас сэргийлэх, хянах” үндэсний хөтөлбөрийг боловсруулж батлуулах шатанд ажиллаж байна. 

Түүнчлэн "Эрт илрүүлэг 2.0" хөтөлбөрийг хэрэгжүүлж, хавдрын зонхилох байрлалд анхаарч, эрт оношлох цахим системийг хөгжүүлж эхэлжээ. Хамгийн гол нь цаашид туяа эмчилгээний бодлогыг урт хугацаанд тогтвортой хэрэгжүүлэхээр баримт бичгийг боловсруулж буй нь онцлог юм.

Эмч нарын хэлснээр нярайн өвчлөл, эндэгдэл нь улс орны хөгжлийн чимээгүй индикатор. Энэ ч утгаараа нярайд үзүүлж буй тусламж үйлчилгээний чанарыг олон улсын жишигт хүргэх зорилго тавьжээ. Үүний хүрээнд "Үндэсний баг" байгуулан нярайн тархи хөргөх, уушгины даралтыг бууруулах зэрэг дэлхийн шинэлэг аргуудыг нэвтрүүлжээ.

Хөдөө орон нутгийн эмч нар дэлхийн төвтэй холбогдоно

Технологийн дэвшлийг ашиглан хөдөө орон нутгийн эмнэлгүүд рентген, СТ, MRI зэрэг дүрс оношилгооны зургаа төв рүү илгээж, нарийн мэргэжлийн эмчийн үнэлгээг цаг алдалгүй авч эхэлжээ. Энэ нь онош зөрөх, хожуу оношлогдох эрсдлийг бууруулах томоохон алхам болж байна.

Цахим шилжилт, лабораторийн тогтолцооны шинэчлэл

Эрүүл мэндийн салбарын хамгийн чимээгүй боловч суурь шинэчлэл бол цахим шилжилт. Өгөгдлийн менежмент, метадата, өвчтөн бүрийн ID зэрэг системүүдийг бүрдүүлж, мэдээлэлд суурилсан бодлого боловсруулдаг болгоход чиглэжээ.

Нөгөө талаар, лабораторийн нэгдсэн тогтолцоог бий болгож, шинжилгээний хариуны чанар, хурд, давтамжийг хянах боломж нэмэгдэж буй.