Мөнгөний бодлогын хороо 2026 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр хуралдаж, макро зохистой бодлогын хүрээнд банкны гадаад эх үүсвэртэй холбоотой шинэ зохицуулалт хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ.
Тодруулбал, банкууд 2026 оны аравдугаар сарын 1-нээс хойш гадаад зах зээлээс шинээр татах 360 хоногоос 3 жилийн хугацаатай гадаад валютын бонд болон зээлийн эх үүсвэрийн 25 хувьтай тэнцэх дүнг заавал байлгах нөөц тооцох эх үүсвэрт хамруулах юм байна.
Дэлхийн эдийн засгийн тодорхой бус байдал өндөр хэвээр байгаа энэ үед гадаад санхүүжилтийн зардал, хүртээмж богино хугацаанд өөрчлөгдөх эрсдэлтэйг Мөнгөний бодлогын хороо онцоллоо.
Сүүлийн жилүүдэд банкны салбарын нийт эх үүсвэрт гадаад санхүүжилтийн эзлэх хувь өсөж, зээлийн санхүүжилтийг гадаад эх үүсвэрээр нэмэгдүүлэх хандлага ажиглагдаж байгаа нь санхүүжилтийн бүтцийн гадаад хамаарлыг нэмэгдүүлж буйг дурдсан байна.
Иймд гадаад эх үүсвэрийн бүтцийг урт хугацаатай, тогтвортой хэлбэрт шилжүүлэх, валютын болон хугацааны зөрүүг бууруулах зорилгоор дээрх эх үүсвэрийг гадаад валютын заавал байлгах нөөцийн шаардлагад үе шаттайгаар хамруулах шийдвэр гаргажээ. Энэ нь богино, дунд хугацаатай гадаад санхүүжилтийн сэдлийг бууруулж, урт хугацаат эх үүсвэрийг дэмжихэд чиглэсэн арга хэмжээ юм.
Нөгөө талаас, банкны системийн мөчлөгийн эрсдэл буурч, санхүүгийн мөчлөг илүү тэнцвэртэй түвшинд шилжсэнийг дурдсан байна. Монголбанкны хийсэн стресс тестийн үр дүнгээр макро эдийн засгийн томоохон сөрөг шок үүссэн нөхцөлд ч банкуудын өөрийн хөрөнгийн хүрэлцээ, эрсдэл даах чадвар нийт системийн хэмжээнд зохистой түвшинд хадгалагдах боломжтой гэж үнэлжээ.
Эх сурвалж: https://www.mongolbank.mn/
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!