“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал өнөөдөр боллоо.  Тус компани 2025 онд 30.3 сая тонн нүүрс олборлож, 28.7 сая тонныг борлуулж, 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Энэ үеэр тус компанийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Цэрэнсамбуу энэ сарын 30-нд 1072 хувьцаанд 63 мянган төгрөгийн ногдол ашиг олгоно хэмээн мэдэгдлээ. 

Компанийн тухай хуульд заасны дагуу ТУЗ-ийн шийдвэрээр ногдол ашиг хуваарилахаар болсон бөгөөд нэгж хувьцааг 65 төгрөгөөр тооцжээ. Ингэснээр 1072 хувьцаатай иргэд татварын дараах дүнгээр 63,242 төгрөг авах юм байна. 

Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК энэ ондоо багтаан нээлттэй хувьцаат компани болох зорилт тавьжээ. Сүүлийн гурван жилийн санхүүгийн тайланд олон улсын хөндлөнгийн аудит хийлгэж байгаа бөгөөд ажлын явц 40 хувьтай үргэлжилж, зургадугаар сард дуусахаар төлөвлөсөн байна. Үүний зэрэгцээ ордын нэгдсэн ТЭЗҮ-ийг батлуулахаар Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд хүргүүлээд байгаа аж.

Одоогоор нэгж хувьцааны нэрлэсэн үнэ 933 төгрөг хэвээр байгаа бөгөөд үнэлгээ хийсний дараа хувьцааны бодит үнэлгээг тогтоож, хоёрдогч зах зээлд арилжаалах асуудлыг шийдвэрлэх юм байна.