Тал нутгийн тэнгэр нэг л онцгой. Хөх манхан тэнгэрийн цаанаас нар мандаж, сэвэлзүүр салхи зөөлөн илбэхэд наадмын эхний өглөө ийнхүү нойроо сэргээж байна. Уяачдын галд амьдрал буцалж, морьд хөлсөө авч, хүүхдүүд гийнгоо дуулаад, эмээл хазаар шажигнасан тэр л агшин – энэ бол Монголын зүрх.
Хүй долоо худагийн дэнж тэртээ говиос наашилсан адууны чимээнд сэрж, хойноос уруудаж буусан нүүдлийн уяа бүрт нэгэн түүх, нэгэн итгэл, нэгэн амьсгал оршиж байв. Хаврын сүүлчээр уяж эхэлсэн морьд энэ өдөр л хөлс, хүчлээ шалгуулна. Уяачдын хөлс нь морьдын хөлстэй нийлж, тэдний зүрх нь унасан хүүхдийн зүрхтэй хамт цохилж байдаг аж.
Нар хэвийх үес хээр морьдын нуруу цан татаж, холоос тоос манарч эхлэхэд хүмүүсийн сэтгэлд баяр, бахдал, сандрал гурав зэрэгцэнэ. Хурдан морины уралдаан бол зүгээр нэг спорт биш, төрийн их ёслол, өв соёлын амьд унаган хэлбэр юм.
Хэн нэгний үрээ барианд түрүүлж орж ирэхэд уяачийн хөмсөг сормуусанд нулимс гялтганана. Түрүүлсэн ч, сүүлдсэн ч энэ бол уяачийн шөнө нойроо хугаслан, зунжингаа тарлан ногоо хайж, нүдэн дээрээ уяагаа хөтөлсөн олон сарын хүч хөдөлмөрийн үр дүн. Зарим морь уяан дээрээ үүрсээд, зарим нь хөлсөө авч зогсон гүн бодолд автсан мэт байх. Үнэндээ эдгээр хүлэг ч бас мэдэрдэг — ямар ч тайлбаргүйгээр, уяачийн гар хүрэхэд л мэдэрдэг.
Цагаан хөтөлд хүүхдийн гийнгоо ханхайж, хөх уурга агссан адуучид аргамжаа сунгаж, улс даяар хүлэг морьд торгон жолоогоо гялалзуулна. Монгол түмэн зөвхөн баярлахаар ч биш, өөрийнхөө үндэсний үнэт зүйлсээ дээдлэн, баясах гэж наадамладаг. Хурдан морьд — энэ бол зөвхөн уралдааны зүг чигт давхиж буй амьтад биш, харин монгол хүний зүрх сэтгэлийн дүрслэл.
Хурдан морьд зөвхөн биеийн хүчээр биш сэтгэлийн хүчээр давхидаг гэдэг. Тэдний туурайн дор холын зам, үндэсний бахархал, өв соёлын дардан гэгээн мөр бий. Түмний баяр, төрийн наадмыг чимдэг хурдан хүлгүүдийн эгшиглэн дунд хүний сэтгэл өөрийн эрхгүй хөдөлж, самсаа шархирна. Энэ бол бахархал, энэ бол нулимс, энэ бол морьтойгоо, нутагтайгаа, өөрийнхөө үндэстэнтэйгээ нэгэн хэмээр амьсгалж буй мэдрэмж.
Э.Бямбасүрэн
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!