Р.Энхбат: Хэвлэхийн салбарын  чөлөөт зах зээлийг байхгүй болгосон эзэн бол Б.Батцэцэг сайд “Адмон” группийн ерөнхий захирал Р.Энхбаттай ярилцлаа.

Зураг нээх

-Төрийн өндөр албан тушаалтны хувийн компани хэвлэх салбарын хамаг гол тендерт ялдаг гэсэн мэдээлэл цацагдаад удаж байна. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн компанийг яриад байна л даа.  Хэвлэлийн салбарт чөлөөт зах зээлийн шударга өрсөлдөөн байхаа болчихсон юм биш үү?

-Манай улс чөлөөт зах зээлтэй гэдэг боловч бодит байдал дээр чөлөөт зах зээл байхгүй шүү дээ. Мал дагавал ам тосдоно гэдэг шиг нам дагавал их л ашигтай байх шиг байгаа юм. Тийм болохоор бүх хүн л төр рүү зүтгэж байна. Ер нь нийгэмд төрөөс хамааралтай бизнес маш их байна. Бүх юм яамнаас, төрөөс хамаардаг болчихсон нь нууц биш. Ажиглаад байхад яам, тамгын газар ажиллаж байгаа хүмүүс, нам дагасан хүмүүс юунаас ч айхаа байчихаж. Зах зээлийн жамаараа өрнөх ёстой харилцаан дээр эцэстээ төр л дийлж байна. Хувийн хэвшил юу ч биш болоод удаж байна. Төр нь “Хувийн хэвшлийнхэн та нарт шударга ёс  хамаа ч байхгүй. Бид бүхний эзэн, бүгдийг дийлнэ” гэж тод чангаар хэлсээр байна шүү дээ.  Ийм буруу итгэл үнэмшил ёс суртахуун Монголд ноёлчихсон. Таны хэлсэн үнэн л дээ. Ганц сайдын компанийн хэвлэлийн бүх том тендерийг хамж байгаа нь үнэн. Сонгуулийн саналын хуудасны хэвлэлийг гэхэд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн мэдлийн компани бүхэлд нь авчихсан.  Бараг тэдний хувийн мэдлийн ажил болж хувирсан. 2016 оноос хойшх сонгуулиудын саналын хуудсыг хэвлэж байна.  Б.Батцэцэг өөрөө УИХ-д нэр дэвших болоод  ирэхээрээ зөвхөн өөрийнхөө тойрог дээр жижигхэн нэг хэвлэлийн компани оруулж ирээд бусад бүх тойргийн хэвлэх материалыг өөрийнхөө компаниар хэвлүүлдэг. Нэг хүний хувийн ажил шиг л явдаг болсон. Үүн дунд нь сарниулах гэх юм уу нэг тийм тактикаар  Баатарсайханы “УБ принт” компанийг багахан хэмжээнд оруулж ирж байгаа юм.  Ийм л хүн  Гадаад харилцааны сайдаар хэдэн засаг дамнаж тасралтгүй ажиллаж байна.

-Тэгэхээр сонгуулийн саналын хуудсыг хэвлэх ажлыг ямар нэг тендергүйгээр сайд Б.Батцэцэгийн компани шууд авдаг гэсэн үг үү?

-Сонгуулийн хороо шийддэг ажил л даа. Анхнаас нь журам дүрмээ өөрсдөдөө тааруулаад хийчихэж байгаа юм чинь. Тэгэхээр хэний захиалгаар явдаг вэ гээд бод л доо. Энэ бол шударга өрсөлдөөн, чөлөөт зах зээл биш юм. Би сонгуулийн саналын хуудсыг ямар үнээр хэвлэдэг юм бол гээд сонирхоод үзээд бүр цочсон шүү. Санаанд орсон дуртай үнээ хэлээд хэвлэчихдэг шиг санагдсан. Үүнийг нь Сонгуулийн ерөнхий хороо, манай төр засаг дэмжээд байна л даа. Арав, хорин тэрбум төгрөгөөр хэвлэдэг гэх юм билээ. Гэхдээ тэд нарийн бүх мэдээллээ нууцалдаг. Төрийн сайдын хамаарал бүхий хэвлэлийн компаний манайх шиг компанийн жилийн орлогоос давсан үнийн өндөр дүнтэй төрийн төсөвтэй ажлыг хоёрхон долоо хоногийн  хооронд олж байх жишээтэй. Бүтэн жил ажиллаад ч олохгүй их төсвийг хэдэн хоногт л олчих хэмжээний гэхээр ямар их мөнгө олдог нь харагдана. Тэр  их мөнгөөрөө ямар ч үнэтэй сайн тоног төхөөрөмж худалдан авч технологийн шинэчлэлт хийж чадна. Ямар ч байшин бариулж чадна. Хэрвээ тийм өндөр захиалгатай, бас нэгхэн хүний компани л аваад байвал манай салбарт ямар юмных нь чөлөөт зах зээл байх юм бэ. Чөлөөт зах зээл, шударга өрсөлдөөн огт байхгүй. Ерөөсөө л ганц хоёр компани л монопол байна шүү дээ.

-Б.Батцэцэг сайдын компанитай шударгаар өрсөлдөх боломжгүй гэсэн үг үү?

-Өрсөлдөх боломжгүй. Туршлагатай дориухан компанийн бүтэн жилийн хийх орлогыг хоёр долоо хоногт сонгуулийн саналын хуудсаар олоод авчихдаг компани чинь бусдаасаа цойлно биз дээ. Яаж тийм компанитай бусад нь өрсөлдөх юм бэ. Хэвлэхийн салбарын  чөлөөт зах зээлийг байхгүй болгосон эзэн бол Б.Батцэцэг сайд.  Эдний компани ахмадын ваучер буюу хоолны талоныг 10 дахин илүү үнээр хэвлэх ажлыг хийж байсан. Тухайн үед манайх 30-60 орчим сая төгрөгөөр хэвлэх боломжтой гээд үнийн санал явуулж байсан. Тэгсэн хэдий ч сайд Б.Батцэцэгийн хамаарал бүхий компани 592 сая төгрөгөөр хэвлэсэн.

-30-60 сая төгрөгт хэвлэчих ажлыг 600 сая болгож 10 дахин нэмэгдүүлсэн үнэ төрөөс авчихаж гэж ойлголоо. Ашиг сонирхлын гэмт хэрэг л байна даа?

-Ер нь тийм.  Би энэ асуудалтай холбоотойгоор АТГ-д гомдол гаргасан. Тэгсэн “Монголын үнэт цаас хэвлэл” ХХК-д давуу байдал бий болгож, хууль бусаар сонгон шалгаруулсан нь гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэргийг 2021 онд хаасан. Харин Батцэцэгийн хамаарал бүхий компани ажил хэргийн нэр төрд халдсан үндэслэлээр уучлалт гуйлгах нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Шударга бус асуудлыг хөндөн тавиад эцэстээ өөрөө буруутан болох нь халгүй явж байна шүү дээ. Ийм шударга бус асуудлыг хууль хяналтын байгууллага нь хүртэл өмгөөлж хамгаалах шинжтэй байдаг юм билээ. Одоо хууль хяналтын тал үүнийг дахин авч үзэх ёстой. 

-Гадаад харилцааны  сайдын хамаарал бүхий компаниуд төрийн хамгийн том тендерүүдийг авдаг гэж  яригддаг, өчнөөн мэдээлэл ч цацагддаг. Таны ярианаас анзаарахад хэрээс хэтэрсэн монопол болчихжээ?

-Хэвлэхийн салбарт лав чөлөөт зах зээл, шударга өрсөлдөөн гэж байхгүй ээ. Юугаар би тэгж хэлж байна гэвэл намын харьяалалтай, нам дагасан компани гэж хэлж болох “Мөнхийн үсэг”-ийн Б.Батцэцэг хэвлэх ажилтай холбоотой давамгай олж байгаа өндөр орлого нь сайдын суудалтай нь хамаатай байх. Манай салбарт шударга өрсөлдөөн бизнесийн зарчим байхгүй нь сонгуулийн санал өгдөг саналын хуудас хэвлэх ажлыг давуу эрхээр авдагаас харж болно. Өөр зөндөө авдаг ажлууд бий.  Манай улсын үнэт цаас хэвлэдэг улсын хийдэг байсан бүх ажлыг Б.Батцэцэгийн компани хийж байна.

-Архи, тамхины онцгой албан татварын тэмдгийн хэвлэлийн ажлыг Б.Батцэцэг сайдын хамаарал бүхий компани хийдэг гэв үү?

-Манай улс үнэт цаас хэвлэдэг, нууцын зэрэглэлтэй “Үндэсний үнэт цаас” нэртэй улсын үйлдвэртэй байсан. Тэр үйлдвэрийг энэ нөхөр хувьчилж авсан.  Тэгээд “Үндэсний үнэт цаас” үйлдвэртэй маш ойролцоо нэрийг “Мөнхийн үсэг”-ийн охин компани хэлбэрээр  “Монголын үнэт цаас хэвлэх” нэртэй компани байгуулсан. Ингээд улсын үнэт цаас хэвлэдэг үйлдвэрийн хийдэг бүхий л үйл ажиллагааг хуу хамж хийдэг компани болсон. Архи, тамхины онцгой албан татварын тэмдгийг 2010 оноос хойш одоог болтол ганцхан Б.Батцэцэг сайдын хамаарал бүхий компани хэвлэдэг. Шилэн данснаас энэ мэдээлэл гарч ирэхгүй л дээ. Тодорхой хэмжээнд нууцын зэрэглэлээр, ил тод мэдээлэл байхгүйгээр хийж байгаа.

-Төрийн өндөр албан тушаалтан өөрийн хувийн бизнесийг давуу эрхээр хийж, төрөөс мөнгө авч байгаа нь гэмт хэрэгт тооцогдоно. Б.Батцэцэг сайдад яагаад хууль хамаарахгүй байна вэ?

-Дээрмийн л ажил ш дээ. Ёс зүйтэй хүн ийм байх уу. Бид шударга бус асуудалтай эвлэрэхгүй гээд шүүхэд хандсан. Бид хичнээн жил шүүхээр явав. Ямар ч үр дүн гарахгүй. Бүх эрхийг нь атгачихсан байна. Эргэн тойрон хүрээлэгчдийг бий болгочихдог юм байна. Тэр нь төрийн эрх мэдлийг ямар л ямар байдлаар хаялга болгож ашиг сонирхолдоо ашигладаг, төрийн эрхэнд гарчихдаг ийм жишиг манай улсад л байна. Хэвлэл мэдээллийг худалдаж авдаг, шүүхийг өөрийн эрх мэдлийн хүрээнд байлгах зэрэг явдал төрийн эрхэнд байгаа зарим нэг хүмүүсийн байдаг жишиг болчихжээ.

-Нийтийн албанд хувийн ашиг сонирхлыг оруулж ирэхгүй гэх урт нэртэй хуулийн заалтыг илэрхий зөрчсөн үйлдэл мөн үү?

-Зөрчсөн байлгүй дээ. Дуртай үнэ хэлээд “би л энийг авна шүү” гэх маягаар хэвлэх ажлыг авчихдаг бол энэ одоо шударга ёс, хууль байх уу. Жинхэнэ утгаараа нэг хүнд зориулсан чөлөөт зах зээлтэй болчихож байгаа юм биш үү. Одоо хэвлэх дээр хамгийн баян компани хэн байна, сайдын л компани байна.  

-Сурах бичиг, их сургуулиудын диплом, төрийн байгууллагуудын бичиг хэрэг, ахмадын ваучер, сонгуулийн саналын хуудас, архи тамхины онцгой албан татварын тэмдэг гээд хамаг л төсөв өндөртэй төрийн хэвлэх ажлыг Б.Батцэцэг сайдын компани хэвлэдэг. Энэ нь салбартаа монопол байна гэсэн үг үү?

-Хамгийн их төсөвтэй, ашигтайг нь хэвлэдэг. Мань мэт шиг ном хэвлээд явбал эдэн шиг өндөр ашиг олохгүй. Ер нь олон жилийн туршлагатай хүчин чадалтай компаниудыг янз бүрийн шалтгаар замаасаа зайлуулж, канселдсээр тэд нь хойшоо үлдэж ухарч, урагшаа эд нь давуу байдлаар шалгардаг.

-Бизнест шударга өрсөлдөөнийг бий болгохын тулд яах ёстой юм бэ?

-Дарга нараас хамаарал багатай, их хурал руу зүтгэх нь багасч байж бизнес хөгжинө. Бүгдийн урдуур ороод, дээрэлхээд, булаагаад байхаар мөнчгөрөөрөө яваа жинхэнэ бизнес эрхлэгчид нь дампуурч байна. Байдал ийм л байна. Г.Занданшатарын Засгийн газар хүн төвтэй нийгмийн хандлагыг бий болгож ажиллана гэсэн амлалт өгч байгаа. Үүнийгээ ажил хэрэг болгоосой гэж хүсч  байна даа.

Зураг нээх