Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн хамаарал бүхий компаниуд хэвлэлийн салбарын том тендерүүдийг монопольдож хамдаг талаар өдөр тутмын сонин, мэдээллийн сайтууд онцолж мэдээллээд багагүй хугацаа өнгөрчихлөө. Саяхан гэхэд л Б.Батцэцэгийн хувь эзэмшилтэй компаниуд өнгөтэй өөдтэй хамаг тендерийг авдаг тухай “Адмон”-ы Р.Энхбат шүгэл үлээж олныг шуугиулав. Хэвлэлийн салбарын том компанийн захирлын шүгэл үлээлтийн дараа Гадаад харилцааны сайдын тендерийн эзэрхийлэл сэтгүүлчдийн овоо хараанд ахин орсон юм. Цахим сайтын редакциуд сайдын тендерийн ноёрхлын олон “но”-г сөхөж, эрэн сурвалжилсан нийтлэл, мэдээлэл түгээсээр байна. Олныг ангайлгасан “но”-нуудаас нь зориуд нэг кейс онцолъё. Ковидын үеэр ахмадуудад тараасан ваучерыг сайд эмэгтэйн компани “Адмон”-ы санал болгосон үнээс арав дахин өндөр үнээр хэвлэсэнд нь иргэд бухимдаж байна. Ваучерийг ямар ч тендергүйгээр, маш өндөр үнийн дүнгээр хэвлэсэнд нь эгдүүцсэн Р.Энхбат захирал Гадаад харилцааны сайдын компанийг АТГ-т өгч л дээ. Харамсалтай нь АТГ түүний гомдлыг хэрэгсэхгүй болгочихож. Сайдын компани хувь эзэмшигч сайдынхаа нөлөөгөөр ахмадын ваучерийг арав дахин өндөр үнээр, ямар ч тендергүйгээр хэвлэснийг өрсөлдөгч компани нь нотолчихоод байхад АТГ тоож хэрэгсэхгүй байна гэдэг сэтгүүлчдийн хувьд анзаарахгүй өнгөрч боломгүй өнцөг. АТГ хүртэл хөдөлж чадахгүй байна гэдэг бол төрийн сайдын эрх, нөлөө хэрээс хэтэрсний маш тод дохио. Б.Батцэцэг сайдын тендерийн хаанчлал тойрсон мэдээ, сурвалжлага сошиал орчинд хөвөрч буй шалтгаан ерөөсөө л энэ. Гэтэл Гадаад харилцааны сайд эмэгтэй хамаарал бүхий сошиал нөлөөлөгч, сэтгүүлчдээр өөрийгөө өмөөрүүлэх компанит ажлыг өчигдрөөс өрнүүлж эхлэв. Төрийн байгууллагад ажилладаг сэтгүүлч мэргэжилтэй нэгэн гэхэд л “Тендер бол гэмт хэрэг биш” гэж ирээд Б.Батцэцэг сайдыг өмөөрч байх юм. Тендер гэмт хэрэг биш нь үнэн, аа харин хувийн компаниуд шударгаар өрсөлдөөд авах ёстой тендерийг төрийн сайдын хамаарал бүхий компаниуд хэдэн арваар нь хамж авах нь яалт ч үгүй гэмт хэрэг. Сайдыг өмөөрөгчид Б.Батцэцэг сайдын тендерийн “но”-г шүүмжилсэн сэтгүүлч, редакциудыг “худалдагдсан, захиалгаар бичсэн” гэж илтэд гүтгэсэн мэдээлэл түгээж буйг зориуд онцолъё. Шуудхан хэлэхэд тендер хамагч сайд өөрийгөө өмөөрүүлэхдээ Монголын сэтгүүлчдийн мэдээллэх, эрэн сурвалжлах эрхэд халдаж эхэллээ. Товчхондоо “төрийн сайд хэвлэлийн эрх чөлөөнд зориудаар халдсан” кейсийн шанг Б.Батцэцэг сайд татаатхав. Монголчууд төрийн түшээдээс угшилтай олон муухайд дасаад удаж байна. Гэхдээ ганц сайдын хамаарал бүхий олон компани хэвлэлийн салбарын бүх том тендерийг хамна гэдэг бол дасч болохгүй муухай. Ийм учраас л мэргэжлийн редакциуд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн тендерийн хулгайн бульхайг илчилж, бичиж сурвалжилсаар байна. Сэтгүүлчдийн эрэн сурвалжилсан мэдээ, нийтлэлийг монголчууд олноороо сонирхож, сайд эмэгтэйг шүүмжилж, эсэргүүцээд байгаа нь ч цаанаа ийм учиртай. Хоёр, гурван засаг дамнан тав, зургаан жил сайдаар ажилласан хүн нэг салбарын бүх тендерийг эзэгнэдэг, бусад нь үлдсэн үртсэн дээр нь л “алалцаж” амиа зогоох төдий орлоготой зүдэж яваа учраас Б.Батцэцэг сайдын тендерийн эзэрхийлэлд монгол түмэн дасахгүй, дургүйцэн эсэргүүцээд байгаа юм. Бодит үнэн ийм байхад тендерчин сайд мянгантаа өөрийгөө өмөөрүүлээд олны дургүйцлийг дэвэргэхээс хэтрэхгүй.

Эх сурвалж: Өдрийн сонин