Болж дээ болж, болзох газар нэгээр нэмэгдэж…

“…Улаанбаатарын үдэш намуухан намуухан, Учралын болзоонд залуус яаруухан яаруухан…” хэмээх “Улаанбаатарын үдэш” дуу нийслэлийн үе үеийн залуусын сэтгэл зүрхийг хөглөж эгшиглэсээр иржээ. Тэртээ 1985 онд зохиогдсон цагаас хойш даруй 40 жил өнгөрсөн байна. Тэр үеийн Улаанбаатар хотын намуухан, аядуухан байдлыг дүрсэлж, олон хүний чихэнд хоногшсон тэр дуу өнөөдрийн нийслэлийн бодит өнгө төрхтэй үе үе харшилдаад байна уу даа.

Хүн ам нэмэгдэж хот хүрээгээ тэлсээр, нийслэл Улаанбаатар хотод хэдийнээ манай улсын нийт хүн амын талаас их хувь нь амьдарч байна. Түгжрэл, зогсоол, утаа, барилгын хэт төвлөрөл гээд бухимдуулах зүйл цөөнгүй байдаг нь нууц биш. Тэгээд бүр “дүнсгэр саарал хот” “утаанбаатар” гэхчлэн ёжилж ярих нь олонтоо. Юун нөгөө “Азийн цагаан дагина” вэ хө. “Сайртай Улаанбаатар” гээд дуу хүртэл хийчихжээ цаана чинь. Арга ч үгүй юм даа. Аятай тухтай суугаад амрах газар ховроос хойш “Улаанбаатарын үдэш намуухан” гээд ая дуугаа өргөөд хаана суух билээ дээ.

Хот суурин газар гэдэг улс орны хөгжлийн хамгийн хөдөлгөөнтэй, амин чухал бүс байдаг. 2050 он гэхэд хүн төрөлхтний 70 гаруй хувь нь хот суурин газарт амьдрах тооцоолол гарчээ. Гэвч хүн амын хэт төвлөрөл нь агаар, ус, хөрсний бохирдол, замын түгжрэл, хүлэмжийн хий зэрэг олон асуудлыг араасаа дагуулж байдаг нь хэн бүхний мэдэх л зүйл. Мэдээж хүмүүс амьдрахад таатай орчныг л хүсдэг шүү дээ. Тэгвэл үүний шийдлийг байгаль орчинд ээлтэй байдлаар цогцлоох учиртай аж.

Нэг ширхэг том мод жилд ойролцоогоор 100–120 кг хүчилтөрөгч ялгаруулдаг. Мөн мод нь хөрсийг хамгаалж, үржил шимийн эх үүсвэр нь болдог байна. Нэгэнт хүн амын талаас илүү хувь нь хот суурин газар амьдарч буй энэ үед хотын ногоон байгууламжийг хөгжүүлэх нь чухлаас чухал асуудал болжээ. Ногоон байгууламж л гээд байгаа. Тэр нь дотроо нийтийн, тусгай, хамгаалалтын гээд тусдаа ойлголтууд болоод явна. Тиймээс Ногоон байгууламжийн үндсэн цөм нь нийтийн ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН юм аа. 

Улаанбаатар хотод нийтийн эзэмшлийн цэцэрлэгт хүрээлэн арван хуруунд хүрэхтэй үгүйтэй л байгаа. Хотын төвдөө бол бүр ч хомс. Монгол Улс Ногоон хөгжлийн бодлогодоо хот суурин газруудын ногоон байгууламжийг эрчимтэй нэмэгдүүлэх талаар тусгаад байгаа. Иймд НЗДТГ-аас нийтийн эзэмшлийн талбайг ногоон болгох зорилгоор чамгүй ажлуудыг хийхээр ханцуй шамлаж байгаа бололтой. Учир нь хотын төвд шинэ цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг өнгөрсөн онд эхлүүлээд энэ оны долоодугаар сард дуусгажээ. Хүмүүсийн хэлж заншсанаар олон арван жил үйл ажиллагаа явуулсан хуучны “Урт Цагаан” худалдаа үйлчилгээний төв татан буугдаж, оронд нь шинэ цэцэрлэгт хүрээлэн баригдаж байгаа аж. Уг барилга нь 1958-1961 онд ашиглалтад орсон бөгөөд баригдсанаас хойш засвар, шинэчлэл хийгээгүйн улмаас нурах эрсдэлтэй болсон юм. Дахин төлөвлөлт хийхдээ уг барилгын талбайд үйлчилгээний төв биш иргэдийн амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх тохь тухтай цэцэрлэгт хүрээлэн болж хувирсанд иргэд ам сайтай байгаа билээ. 

Цэцэрлэгт хүрээлэнгийн тухайд дугуйн зам, явган хүний зам, усан оргилуур, усан толио, задгай театр зэрэг тохижилтуудыг багтааж өгснөөс гадна цэцэрлэгт хүрээлэнгийн доод хэсэгт 109 машины далд зогсоолыг шийдэж, хүрээлэнгийн хажууд гурван давхар үйлчилгээний төв барихаар болжээ. Энэ нь ахуй үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг ажлын байрыг хадгалж үлдэх зорилготой бөгөөд хуучнаар “Урт цагаан” төвд үйл ажиллагаа эрхэлж байсан уран дарханчуудаа урьж ажиллуулах талаар хотын захирагч Х.Нямбаатар хэллээ.

“Болзооны шинэ газар нэмэгдлээ” хэмээн хошигнож болох ч энэ нь нийслэлийн ирээдүйн хөгжилд чиглэсэн бүтээн байгуулалт гэж дүгнэх үү? Нэг ч гэсэн шинэ хүрээлэн нээгдэж, ногоон байгууламжийн тоо өсөж байгаа нь бидэнд зайлшгүй хэрэгтэй бүтээн байгуулалт юм даг.

Болж дээ болж, болзох газар нэгээр нэмэгдэж…