Мазаалай зөвхөн Монголын говьд л цөөн тоотой байгаа дэлхийд ховор амьтан. Говийн их дархан газрын гурван сая гаруй га уудам орон зайд  хөндлөн гулд туучин амьдрах  тэрхүү эрх чөлөөт  “тэнүүлчин”-гийн тоог гаргах бүү хэл, олж харна гэдэг амаргүй. Учир нь мазаалай цөөн тоотойн дээр маш сонор сэрэмжтэй, ихэвчлэн шөнийн амьдралтай, нуугдамхай амьтан. Тиймээс “магадгүй Мазаалайн үржил зогссон байх” гэх харуусал нэгэн үе дамжин яригдсан нь бий.

Мазаалайн тоог гаргах  ажил Монголд 1980-аад оны үеэс эхэлсэн тэрээр  тухайн үед 20 орчим байна гэсэн дүн мэдээг гаргасан бол өнөөдөр олон судалгааны дүнг нийлүүлж 50 орчим мазаалай байгаа гэж үзэж байна. Уур амьсгалын өөрчлөлт түүнээс улбаалсан экосистемийн доройтол, хүнээс шалтгаалсан сөрөг нөлөө зэргээс үүдэн мазаалайн амьдрах орчин хумигдаж идэш тэжээл хомстон тоо толгойн өсөлт удааширч байгаа аж.

Энэ талаар Биологийн эрдэмтэн доктор профессор Б.Самъяа хэлэхдээ “Мазаалай 20 байгаад 50 болж тоо өсөж байна гэж хэлэхийг хүсдэггүй. Яагаад гэвэл  20 байсан гэдгийг хүлээн зөвшөөрөх батлах боломжгүй. Сүүлийн үед техник хэрэгсэл, автомат камер ашигладаг, генетикийн судалгааны аргаар баавгайн үсний дээжид анализ хийдэг боллоо.  Ийм байдлаар мазаалайн тухай өргөн мэдээлэл цуглуулах боломж бий болсон учраас “50 орчим болжээ” гэж баттай хэлээд байгаа юм” гэв.

Юутай ч монголчуудын хувьд зөвхөн монголд амьдардаг мазаалай баавгайгаа анхаарч хайрлаж хамгаалах асуудал дэлхийн хүн төрөлхтний өмнө хүлээсэн үүрэг болоод байна.

Тиймээс Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санаачилга гаргаж Мазаалай баавгайг хамгаалах цогц хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн тэрээр амьдрах орчныг тэтгэхэд гойд анхаарч байна.

Энэ хүрээнд Мазаалайн гол нутаг болох Говийн Их Дархан цаазат газарт Атас Ингэс, Шар хулст, Цагаан богд гэсэн баянбүрдүүдэд уст цэг, нэмэлт тэжээлийн цэгүүд байгуулах, судалгаа шинжилгээг эрчимжүүлэх, таниулан сурталчлах ажлуудыг хэрэгжүүлж байгаа юм.

Мазаалайн тоо толгойг өсгөх өөр нэг гарц нь зохиомол хээлтүүлгийн аргаар зориудаар үржүүлэх юм гэдэг санааг хэлэх хүн ч бий.  “Зоопаркад авч  хээлтүүлэг хийж үржүүлэн  үр төл гаргана” гэсэн яриа цөөнгүй гарч байсан ажээ. Гэхдээ үүнийг нэг удаа ч хэрэгжүүлж байгаагүй бөгөөд эрдэмтэн, судлаачдын олонх нь үүнийг хүлээн зөвшөөрдөггүй. Учир нь байгалийн нөхцөлд үр төлөө өгч байгаа  амьтныг зориудаар үржүүлэх тухай ойлголт шинжлэх ухаан талаасаа байж боломгүй гэж үздэг юм байна.

Сайн мэдээ дуулгахад, Мазаалай судлах эрдэмтдийн багийнхан сансрын дохиолол бүхий хүзүүвч болон камерны тусламжтайгаар мониторинг хийж, жил болгон бамбарууштай эвш бүртгэгдэж, жилд 1-2, зарим тохиолдолд гурван эвш үр төл өгч байна гэдгийг тогтоожээ. Тэгэхээр мазаалайн үржил зогссон гэж үзэх боломжгүй. Ямартай ч одоогоор Монголын говийн хүнд хэцүү нөхцөлд дасан зохицож оршин амьдарч буй 50 мазаалай бидэнд байна. Гагцхүү цаашид ховор амьтнаа өсгөх, өвлүүлж авч үлдэж чадах эсэх нь монголчууд бидний анхаарал халамж, хичээл чармайлтаас шалтгаалж байна.