Гол агуулга:

  • АН “системийн авлига” бий болсон гэж үзэж, нэг сарын хугацаатай хөтөлбөр эхлүүлнэ гэж мэдэгдэв.

  • “Сүүлийн 10 жилд МАН-тай холбоотой 100 авлигын хэрэг”-ийн жагсаалт гаргах “100 МАН ЛАЙ” аяныг зарлалаа.

  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах асуудлыг “сонгогчдын бүрэн эрх” гэж үзэж, гуравдагч этгээд оролцох ёсгүй гэв.

Ардчилсан намын мэдээллийн цагаар намын дарга О.Цогтгэрэл 4/11 мэдээллийн цагийн үеэр сүүлийн 10 жилд “системийн авлига” гүнзгийрсэн гэж үзэж буйгаа мэдэгдээд, нэг сарын хугацаатай хөтөлбөр эхлүүлэхээр болсноо танилцууллаа.

Тэрбээр “дүр эсгэсэн тэмцлээс салах цаг болсон” гэж үзэж, өнгөрсөн 10 жилийн хугацаанд МАН-тай холбоотой гэж тайлбарласан авлигын 100 хэрэгийн жагсаалтыг нэрлэх “100 МАН ЛАЙ” нэртэй аяныг зарлаж байгаагаа мэдэгдэв. 

Мөн 10 жилийн өмнө Засгийн эрх авсны дараа төрийн нууцын тухай хуульд өөрчлөлт орж, Засгийн газар “нууцын жагсаалт” баталдаг болсон нь авлигын “үндэс суурь” болсон гэсэн байр суурь илэрхийллээ.

УИХ-ын гишүүдийн хариуцлагын талаар ярихдаа гишүүний бүрэн эрхийг хувь хүнтэй бус сонгогчдын бүрэн эрхтэй холбож ойлгох ёстой. Иймээс тухайн гишүүнийг эгүүлэн татах эрх сонгосон сонгогчдод байх бөгөөд “гуравдагч этгээд” ард түмний сонголт руу оролцох ёсгүй хэмээн байр суурь илэрхийлсэн байна.

Мөн Ардчилсан нам парламентын дархлааг сулруулах аливаа алхмыг дэмжихгүй гэсэн уламжлалт байр сууриа хэвээр хадгалж байгааг онцоллоо.