Ардчилсан намын мэдээллийн цагаар намын дарга О.Цогтгэрэл тэргүүтэй албаныхан мэдээлэл хийсэн. Энэ үеэр АН-ын гишүүн Э.Бат-Үүл байр сууриа илэрхийлснийг товчлон хүргэе.
- Н.Алтанхуягийн цагаатгах шийдвэрийг хүчингүй болгосон гурван шүүгчийг Шүүхийн ерөнхий зөвлөл эргүүлэн татах ёстой. Эдгээр гурван шүүгч 2 жилийн өмнө гаргаж байсан шийдвэрээсээ өнөөдөр буцчихлаа. Нөгөө шүүхийн итгэл үнэмшил хайчив. Шүүгч шударгаар шийдвэр гаргадаггүй юм байна гэдгийг харуулж байна. Шүүгчидээ дараа нь та нарыг улс төрчид золиосонд гаргадаг шүү. Зарим шүүгч амиа хорлосон шүү гэдгийг санаарай.
- Энэ бол АН-руу халдаж байгаа хоёр дахь тохиолдол. Өмнө нь Ганболд, Баярцогт хоёрыг нэр дэвшээд явж байхад нь Дээд шүүхийн шийдвэрээр баривчилж байсан удаатай. Тэгж ярьвал ийм үйлдлийг дарангуйлагч оронд ч үүнийг хориглодог. Нэгэнт сонгуульд нэр дэвшиж байгаа бол хэн ч халдах эрх байдаггүй. Тухайн үед манай нам арчаагүй байсан болохоор хойноос нь яваагүй.
- 2028 онд хэн нэр дэвших үгүйг шүүх шийдэх нь. Бүр нэр дэвшээд явж байхад чинь шийднэ. Энэ бүр хууль ёсных болчихлоо.
- Ерөнхийлөгчийн сонгууль хууль бус сонгууль болох нь. МАН урьд урьдын сонгуульд байгаагүй тантиктайгаар энэ удаагийн сонгуульд оролцоно. Үндсэн хуулийн эсрэг буюу парламентын эсрэг дайн зарласан сонгууль байх болно. Сая МАН-ын бүлгүүд хооронд үзэлцсээр байгаад хүний санаанд багтамгүй асар их идэж уусанаа ярьчихлаа. Уг нь МАН маш хүнд байдалд орчихсон.
- 2016 онд Нууцын хуульд өөрчлөлт орсноос хойш сэтгүүлчид эрэн сурвалжлах хийж чадахаа байсан. Учир нь хуулийн өөрчлөлтөөр сэтгүүлчдийг хууль зөрчлөө гээд ялладаг болчихсон. Одоо парламент руу орж байна. Нээлттэй индэрийг хааж байна. Төр авлигалд идэгдсэнийхээ дараа Ерөнхийлөгчийн засаглал руу ордог.
- Н.Алтанхуягийн хууль ёсны нэр дэвших эрхийг сэргээхгүй бол манай нам Ерөнхийлөгчийн сонгуульд орж болохгүй. Ерөнхийлөгчийн сонгуулийг бүх нийтээрээ бойкотлох хэрэгтэй. Яагаад гэвэл сонгуульд ороод ялагдчихвал энэ нь хууль ёсны болж харагдана.
- Өнөөдрийн болж байгаа үйл явдлын цаана Г.Занданшатар байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх парламентын засаглал байх ёстой талаар маш хатуу байр сууриа илэхийлдэг хүн. Угаасаа хуулиндаа Ерөнхийлөгчид дахин нэр дэвшихгүй. Тэгэхээр Г.Занданшатар Ерөнхийлөгчөөр могой бариулаад байна.
- Г.Занданшатарын хэд хэдэн зүйлийг хараад эргэлзэж эхэлсэн. Тухайлбал анх удаа Засгийн газрын тэргүүн танхимын сайд томилохдоо тодорхой хүмүүсийг яллах үүрэг өгч томиллоо. Сайд бодлого ярьдаг болохоос хүн ялладаг хүн биш.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!