Гол агуулга:

  • БЗД-ийн ИТХ дахь АН-ын бүлэг УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, дүүргийн удирдлагуудтай холбоотой асуудлаар хуулийн байгууллагад шалгуулах шаардлага хүргүүлснээ мэдэгдэв.

  • “Зэс Эрдэнийн Хувь” компанитай холбоотой хэрэг, ашиг сонирхлын мэдүүлэг, үл хөдлөх хөрөнгө, төсөв-зардлын зарцуулалтыг хөндлөө.

  • БЗД-ийн төсөв нэмэгдсэн, татварын ачаалал өсөхөөр байгаа талаар шүүмжилж, засаглалын асуудлыг сөхөв.

Баянзүрх дүүргийн ИТХ дахь Ардчилсан намын бүлэг УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан болон дүүргийн удирдлагуудтай холбоотой асуудлаар мэдээлэл хийж, хуулийн байгууллагад шалгуулах шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдлээ.

АН-ын бүлгийн төлөөлөгчид “Зэс Эрдэнийн Хувь” компанитай холбоотой хэрэгт гишүүний төрсөн дүү Батбаяр шалгагдаж байгаа талаар дурдан, ашиг сонирхлын мэдүүлгийн хүрээнд төрсөн дүүг “ашиг сонирхол нэгтэй этгээд”-ээр тооцож, ХОМ-т тусгах шаардлагатай гэж үзэж буйгаа илэрхийлэв. 

Мөн хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээрх үл хөдлөх хөрөнгө, барилгын төслүүдийн талаар мэдээлэл танилцууллаа. 

Энэ талаар Баянзүрх дүүргийн ИТХ дахь Ардчилсан намын төлөөлөгч Б.Одбаяр:

- Э.Бат-Амгалан сайдын талаар хэвлэл мэдээллээр гарсан зарим мэдээлэлд бид хардлага төрж байна. Тухайлбал, түүний эхнэрийн төрсөн дүү Алагаа гэх хүн “Монгол шилтгээний” орчимд их хэмжээний газар авч, 40 гаруй айлын хаус хотхон барьсан гэх мэдээлэл бий. Түүнчлэн Баянзүрх дүүргийн 38 дугаар хороонд 1800 айлын орон сууцыг ОУТҮ гэх компаниар бариулсан байна. Үлдсэн газруудыг Ялалт гэх хүний нэр дээр авч, орон сууц барьж байгаа гэх мэдээлэл ч байгаа. ОУТҮ компани нь 2022–2024 оны хугацаанд Э.Бат-Амгалан гишүүний хөрөнгө орлогын мэдүүлэгт бүртгэгдсэн компани. Гэтэл Бат-Амгалан гишүүн “Тийм зүйл байхгүй, ийм зүйл байхгүй” гэсэн мэдээллийг хэвлэл мэдээлэлд өгдөг. Хэрэв энэ бүхэн үнэхээр ор үндэсгүй бол Авлигатай тэмцэх газарт шалгуулж, эсвэл албан ёсны хэвлэлийн хурал хийж, өөртэй нь хамааралгүй гэдгийг нотлох баримтаар тайлбарлах хэрэгтэй гэв. 

Түүнчлэн тэрбээр БЗД-ийн төсөв, зарцуулалтын талаар хагас их наяд төгрөгийн төсөв баталсан, үүнийг бүрдүүлэхийн тулд иргэдийн татвар нэмэгдэж 29 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөсөн, бүтээн байгуулалтын зардлын 30 тэрбум төгрөгийг зам засварт тусгасныг шүүмжлээд Э.Бат-Амгаланг нэр холбогдсон асуудлаа шалгуулж, иргэдэд тодорхой мэдээлэл өгөхийг шаардлаа.