Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өнөөдөр /2026.3.13/ өөрийн цахим хуудсаараа дамжуулан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв.

Х.Нямбаатар: 

- Баянзүрх дүүргийн төрийн албан хаагчид Э.Бат-Амгалангийн захиалгаар жагсаал маягийн юм хийж байна. Тавьж байгаа шаардлага нь Баянзүрх дүүргээс их мөнгө төвлөрүүлж байна, хөгжихгүй байна гэж байгаа боловч эзнийхээ хулгай, луйврыг хаацайлж, мөрийг бүдгэрүүлэх үйл ажиллагаа явуулж байна. 

Энэ жил Баянзүрх дүүрэг 186 тэрбум төгрөгийг нийслэлд төвлөрүүлж өгнө. Буцаагаад хөрөнгө оруулалтын төсвийг 180 орчим тэрбум байхаар тогтоосон. Учир нь тус дүүрэг хүн ам ихтэй, зах худалдааны төв ихтэй учраас бид орлогыг бүрэн төвлөрүүлэх ажлыг хэрэгжүүлнэ. Сүхбаатар дүүрэг Баянзүрхээс жижиг газар дэвсгэртэй мөртлөө нийслэлд 600 гаруй тэрбумыг төвлөрүүлдэг тогтсон уламжлалтай. Баянзүрх дүүргийн татварын орлого нэмэгдүүлэх арга бий. 

Энэ нь Богд Хан уулын аманд баригдсан амины орон сууцуудаас татвар авах ажиллагаа хэрэгжиж эхэлнэ. Өнөөдрийн жагсаал бол татвартай холбоогүй. Энэ нь Баянзүрх дүүргийн МАН-ын дарга, Барилга, хот байгуулалтын сайд, УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан болон түүний хамаарал бүхий хүмүүсийн хулгай, луйврыг өөр чиглэлд шилжүүлэх гэж оролдож байгаа оролдлого. Төрийн албан хаагч, хорооны дарга, хэсгийн ахлагчдыг энэ үйлдлээ зогсоохгүй бол Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу дүүргийн засаг даргаас эхлээд бусад чөлөөлж болох бүх хүмүүсийг Төрийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн гэж үзэж тохирох шийдвэрийг гаргана.

Би энэ жагсаад байгаа нөхдүүдэд сануулъя. Дараа нь гоншигоноод байв. Энэ тэнд битгий анкетаа барьж гүйгээд байгаарай. Э.Бат-Амгалан намын албан тушаал авах гээд байгаа бол энэ тэнд гоншигонож байхаар намын хурлаа зарлая. Эсвэл хууль, хүчний байгууллагаараа сүрдүүлээд хүчээр авч болно. Хоёулаа хүчээ үзье. Би та нар шиг завтай, зайтай хүн биш, долоо хоногийн долоо өдөр ажилладаг. Хотын бүтээн байгуулалтын ажлуудыг урагшлуулах гэж цаг наргүй зүтгэж байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярт хандаж хэлэхэд, Завханы жирийн ард иргэдийг загнахынхаа оронд Э.Бат-Амгалан болон түүний төрсөн дүү хоёрын "Зэс Эрдэнийн хувь" компаниас хулгайлсан мөнгөний асуудлыг шалгах ёстой.

Би өмнө нь энэ ажлыг хийж байхдаа энэ тэндээс оргон зайлсан 100 гаруй хүнийг барьж хорьсон. Та бол зүгээр л яриад байгаа шүү. Би Бадамжунай гэдэг хүнийг улаан гараараа авчирч байсан. Холоос хүн, амьтан авчирч чадахгүй бол хамар доор чинь байгаа Эрдэнэт хотын 24 мянга 500 хүнийг хулхидаж, 70 тэрбум төгрөг идсэн хүмүүст хариуцлага тооц. Эндээс шударга ёс эхэлнэ.

Би ажил ихтэй. Та нар шиг завтай хүн биш. Нийслэлийн бүтээн байгуулалтын ажлыг хэрхэн эрчимжүүлэх тал дээр төвлөрч ажиллаж байна. Э.Бат-Амгалан гуайд хандаж хэлэхэд ямар их шунал, тачаал вэ? Тэгж их шунаад байвал миний хэлсэн хоёр аргаар энэ албан тушаалаа ав. Хүмүүсээс хулгайлсан мөнгөө өг. "Зэс Эрдэнийн хувь" компанийн ард намайг байгаа гэж ярьж байна. Бүгдийнх нь эзнийг зарлаж чадна. Би Эрдэнэтэд таван удаа очиж байсан. Тэгэхдээ атга шороо ч атгаж үзээгүй.

Э.Бат-Амгалан сайд аа битгий манай гэр бүлийн хүн рүү юм бичиж дарамтал. Надтай хэрэлдэх мөрөөрөө хэрэлд. Эхнэр, хүүхэд, гэр бүл рүү орохоо боль. Хүн шунаж болно, гэхдээ арай хэтэрч байна шүү.

Хуцаж байгаа нохой болгон руу чулуу шидэх зав байхгүй гэдгийг хэлсэн. Хууль зүйн дагуу төрийн албанаас цалин аваад Э.Бат-Амгалан гишүүний турхилтаар дайрч байгаа хороо, хэсгийн дарга нарыг чөлөөлнө. Би зөндөө олон юм ярьж болно. Гэхдээ ярьшаг даа гэж бодож байсан шүү.

Э.Бат-Амгалан цагаан сараар “Жанжин” клубт баахан хүмүүс хүлээж аваад золгоод байна лээ.  Хувийнхаа мөнгөөр болно ш дээ. Гэтэл Баянзүрх дүүргийн төсвөөс 850 сая төгрөг Ахмадын хороо руу шилжүүлж байгаад золголт хийгээд байгаа нь ариун явдал уу. Энийг өөрийгөө хуулийн илд сэлэм гээд яриад байдаг сайд Б.Энхбаяр шалгаач ээ.

Жил бүр Баянзүрх дүүргийн төсвөөс 850 сая төгрөг Ахмадын хороо руу шилжүүлээд тэрүүгээрээ Э.Бат-Амгалан гуай бэлэг сэлт өгөөд ингээд байж болдог юм уу. Баянзүрх дүүрэг ядуу байна гээд гадаа жагсаж байгаа нөхдүүд ичээч. Та нарт бүгдэд чинь 30 сая төргөгийн буцалтгүй тусламж үзүүлсэн байна лээ шүү дээ.

Би овог нэртэй нь гаргаад хэлж чадна. Тэр мөнгөө “ОҮТҮ” гэж компанийн барьсан барилга руу урьдчилгаа болгож төлөөд Э.Бат-Амгалан даргынхаа барилгын компанийн борлуулалтыг дэмжсэн байна лээ ш дээ. Нэг дүүрэг ийм байж болдог юм уу. Энэ асуудлыг би хууль хяналтын байгууллагад хүргүүлнэ. "ОҮТҮ" гэж компани Улаанхуаранд дахин төлөвлөлтийн газрыг авч орон сууц барьсан. Тэр "ОҮТҮ" компани нь Э.Бат-Амгалангийн хөрөнгө орлогын мэдүүлэг дээр бичсэн компани. Баянзүрх дүүргийн хороон дарга, төрийн албан хаагч тус бүрт 30 сая төгрөг шилжүүлж урдчилгаа төлбөр болгоод орон сууцжуулсан байна лээ.

Э.Бат-Амгалан Гачууртад маш том тансаг зэрэглэлийн хаусны хороолол барьсан,  хууль хяналтын байгууллагад ямар эх үүсвэрээр барьснаа нотлоорой. Би ч гэсэн өөрийгөө нотлоход бэлэн байгаа шүү" гэв.