УИХ дахь АН-аас мэдээлэл хийж, Их Хурлын дарга Н.Учралыг огцортол чуулганд оролцохгүй байх шийдвэрийг бүлгийн гишүүдийн 100 хувийн саналаар гаргаснаа мэдэгдсэн. Тэгвэл УИХ дахь МАН-ын бүлэг хаалттай хуралдаж эхэлжээ. 

АН-ын дарга О.Цогтгэрэл "Олон намаас бүрдсэн парламентын дарга намын даргын албыг давхар хаших нь зохисгүй. Өнөөдрийн Улсын Их Хурлын дарга Н.Учрал нь Монгол Ардын Намын даргын албыг хавсран гүйцэтгэж байгаа учраас түүнийг УИХ-ын даргын албан тушаалаа өгөх хүртэл Ардчилсан Намын бүлэг чуулганы хуралдаанд оролцохгүй. 

Гэхдээ энэ нь УИХ-ын үйл ажиллагааг тасалдуулах зорилготой үйлдэл биш. Парламент өөрөө олон намын төлөөллөөс бүрддэг, мөн УИХ хоёр дэд даргатай. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэх боломж, үндэслэл хангалттай бий.  2016 оноос хойш ойролцоогоор 10 орчим жилийн хугацаанд нэг улс төрийн хүчин дангаар ноёрхсон байдалтай засаглаж ирсэн. Нэг өгүүлбэрээр дүгнэж хэлбэл, энэ бол авлигыг системийн хэмжээнд хүргэсэн 10 жил байлаа. 

Гэтэл энэ улс төрийн хүчнийг даргалж байгаа намын дарга эрүүл саруул бодлогын мэтгэлцээн өрнөх ёстой УИХ-ын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах нь зарчмын хувьд буруу" хэмээн мэдэгдсэн юм. Харин уг мэдэгдлийн дараа МАН-ынхан шуурхай хуралдаж эхэлсэн байна.