Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийж, улс төр бужигнаж эхэллээ. Өнөөдөр улс төрийн хүрээнд юу болж өнгөрснийг товчлон хүргэе. 

УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийв

Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр нээлтээ хийж, хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Г.Занданшатар, Үндсэн хуулийн цэцийн дарга, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор, Засгийн газрын гишүүд болон Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүнүүд оролцлоо.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нээлтийн үгэндээ "Монголчууд 1990 оны цагаан морин жил эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж ардчилсан хувьсгалыг эхлүүлсэн бол энэ гал морин жил ардчилсан төр засгаа бататган бэхжүүлэхийн төлөө ёс зүйн хувьсгалыг эхлүүлэх ёстой" гэдгийг онцоллоо.

Тэрбээр мөн эдийн засгийн болзошгүй хүндрэл, бэрхшээлийг хохирол багатай даван туулах, түлш, эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх, ард иргэдийн орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсэн хуулиудыг хэлэлцэх нь нэн чухал гэдгийг дурдав.

Харин УИХ-ын дарга Н.Учрал хаврын чуулганы нээлтийн үеэр хэлсэн үгийнхээ төгсгөлд авлигын эсрэг бодлого, ёс зүй, тэгш эрхийн зарчмыг УИХ өөрөөсөө эхлүүлэн үлгэрлэхийг уриалсан. Тэрбээр Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаандаа 119 удаа хуралдааны ердөө 19 хувьд нь оролцсон гишүүн ч байгааг, хурлын цагийнхаа 81 хувийг тасалсан хуулийн тогтоогч байгаа цагт парламентын нэр хүнд суларна гэдгийг тодотгосон.

Энэ удаагийн хаврын чуулганаар нийт 30 гаруй хууль, тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

 

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Боловсролын сайд  П.Наранбаяр нар өөрсдийн хүсэлтээр огцорлоо

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн албан тушаалаа өгнө гэдгээ мэдэгдлээ. Ерөнхий сайд Г.Занданшатар түүнд эрчим хүчний салбарт байгаа асуудлыг цэгцлэх 30 хоногийн хугацаа өгсөн ч уг хугацаанд дорвитой өөрчлөлт гараагүй юм.

Боловсролын сайд П.Наранбаярын тухайд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Б.Баярбаатар, Н.Батсүмэрэл нарын гишүүд болон АН-ын гишүүн Г.Ганбаатар, Ц.Мөнхтуяа нар Ерөнхий сайдад Боловсролын сайдыг огцруулахыг шаардаж байсан удаатай. Гэхээ хэдийгээр П.Наранбаяр сайдын суудлаа өөрийн хүсэлтээ өгч байгаа ч ХҮН нам эрчим хүчний яамыг авахаар ярьж эхэлсэн гэх мэдээлэл байна.


Ардчилсан намынхан УИХ-ын дарга Н.Учралыг огцортол чуулганд оролцохгүй гэдгээ мэдэгдэв

УИХ дахь АН-аас мэдээлэл хийж, Их Хурлын дарга Н.Учралыг огцортол чуулганд оролцохгүй байх шийдвэрийг бүлгийн гишүүдийн 100 хувийн саналаар гаргаснаа мэдэгдэв.  Энэ талаар АН-ын дарга О.Цогтгэрэл "Олон намаас бүрдсэн парламентын дарга намын даргын албыг давхар хаших нь зохисгүй. Өнөөдрийн Улсын Их Хурлын дарга Н.Учрал нь Монгол Ардын Намын даргын албыг хавсран гүйцэтгэж байгаа учраас түүнийг УИХ-ын даргын албан тушаалаа өгөх хүртэл Ардчилсан Намын бүлэг чуулганы хуралдаанд оролцохгүй. 

Энэ бол УИХ-ын үйл ажиллагааг тасалдуулах үйл ажиллагаа биш. Парламент өөрөө олон намын төлөөллөөс бүрддэг, мөн УИХ хоёр дэд даргатай. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэх боломж, үндэслэл хангалттай бий.  2016 оноос хойш ойролцоогоор 10 орчим жилийн хугацаанд нэг улс төрийн хүчин дангаар ноёрхсон байдалтай засаглаж ирсэн.

Гэтэл энэ улс төрийн хүчнийг даргалж байгаа намын дарга эрүүл саруул бодлогын мэтгэлцээн өрнөх ёстой. УИХ-ын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах нь зарчмын хувьд буруу" хэмээн мэдэгдсэн юм.


Ерөнхий сайд хэвлэлээр дайтаж буй Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар, Сайд Э.Бат-Амгалантай уулзав

Цахим орчинд нийслэлийн МАН-ын дарга Х.Нямбаатарыг солих асуудал хөндөгдөх болсон. Үүнтэй холбогдуулан Хот байгуулалт, барилгын сайд Э.Бат-Амгаланг нийслэлийн МАН-ын даргад хүч үзэж байгаа талаарх мэдээлэл хэвлэлээр гарах болж, хэвлэлээр дайсагналцаж буй.

Өнөөдөр Ерөнхий сайд Г.Занданшатар Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар болон Хот байгуулалт, барилгын сайд Э.Бат-Амгалан нарыг өрөөнд нь дуудан уулзсан нь нөхцөл байдлыг шийдвэрлэх оролдлого гэж ажиглагдаж байна.


МҮАН-ын дарга Н.Номтойбаяр: Төрийн өндөр алдан тушаалтанд хариуцлага тооцох тухай хуулийн төслийг санаачлан өргөн барина

Монгол Үндэсний Ардчилсан Намын (МҮАН) дарга Н.Номтойбаяр өнөөдөр мэдээлэл хийж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан хуулийн төслийг агуулгыг дэмжиж байгаа ч хэрэгжүүлэх процессыг дэмжихгүй гэсэн юм.

Мөн УИХ-ын гишүүний хувиар Төрийн өндөр алдан тушаалтанд хариуцлага тооцох тухай хуулийн төслийг санаачлан өргөн барихаар боловсруулсан талаараа мэдэгдэв. Уг хуулиар дан ганц УИХ-ын гишүүнд гэлтгүй УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч, УЕП, Үндсэн хуулийн цэцийн гишүүд, шүүгч нар зэрэг нийт 50 гаруй томилогдсон болон сонгогдсон төрийн өндөр албан тушаалтнуудын хариуцлагын асуудлыг хөндөхөөс гадна төрийн өндөр албан тушаалтан үүрэгт ажлаасаа буусны дараах хязгаарлалт зэргийг уг хуульд тусгасан гэлээ. 


УИХ-ын гишүүн Н.Нарантуяа-Нара: ИЗНН-ын дарга Б.Батбаатар хэвээрээ байна

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара ИЗНН-ын дарга Б.Батбаатар огцрохгүй, хэвээрээ үргэлжлэн ажиллаж байгааг дуулгав. Саяхан тус намын даргын асуудал хөндөгдөхөд Б.Батбаатар "ИЗНН-ын удирдах бүрэлдэхүүн, томилгоонд миний хамааралтай хүмүүс байхгүй" гэж хариуцлагатайгаар мэдэгдсэн. Тэгвэл УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара уг мэдэгдлийн дагуу ИЗНН-ын дарга хэвэндээ хэвийн ажиллаж байгааг дуулгав. Тэрбээр өмнө нь намын дарга Б.Батбаатарыг хуралдаа суухгүй байгаа зэргээр шүүмжилж байсан билээ. 


Н.Учрал Ерөнхий сайд, Г.Занданшатар Ерөнхийлөгч болох эхлэл тавигдах уу

МАН-ын дарга нар УИХ-ын дарга Н.Учралын өрөөнд хуралдаж байна. Хуралд Ерөнхий сайд Г.Занданшатар, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал болон холбогдох хүмүүс оролцож байгаа бөгөөд  үүсээд байгаа нөхцөл байдлын талаар ярилцаж байгаа аж.

Учир нь  УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр  УИХ-ын дарга Н.Учралыг УИХ-ын даргын ажлаа өгтөл чуулганы хуралдаанд суухгүй гэж мэдэгдсэн билээ. Энэ нь МАН-ын дарга Н.Учрал УИХ-ын даргын ажлаа өгч Ерөнхий сайд болох, Г.Занданшатарыг Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд сойх улс төрийн эхлэл хэмээн улс төрийн хүрээнд ярьж байна.