Гол агуулга:
-
Дулааны цахилгаан станцууд жилд 21 сая орчим шоо метр ус ашигладаг бөгөөд үүнээс 18 сая шоо метрийг хөргөлт, угаалга цэвэрлэгээ, үнс зайлуулахад зарцуулдаг.
-
Тус үйлдвэр өдөрт 50 мянган шоо метр цэвэрлэсэн усыг дахин боловсруулж, Дулааны III, IV цахилгаан станцад нийлүүлэхээр байна.
-
Жилд 18 сая гаруй шоо метр гүний цэвэр ус хэмнэх тооцоо гарчээ.
Шинэ төв цэвэрлэх байгууламжийн дэргэд байгуулсан Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийж, үйл ажиллагаагаа эхлүүллээ. Нээлтэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, АНУ-ын Туслах төрийн нарийн бичгийн дарга Майкл Жорж Десомбрэ, Сангийн сайд Б.Жавхлан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар зэрэг албаныхан үйлдвэрийн ажиллагааг эхлүүлэх товчлуур дарсан байна.

Тус үйлдвэр Шинэ төв цэвэрлэх байгууламжаас Туул голд нийлүүлэх цэвэрлэсэн уснаас өдөрт 50 мянган шоо метрийг авч дахин боловсруулан Дулааны III, IV цахилгаан станцад нийлүүлнэ. Дулааны цахилгаан станцууд жилд 21 сая орчим шоо метр ус ашигладаг бөгөөд үүнээс 18 сая шоо метрийг хөргөлт, угаалга цэвэрлэгээ, үнс зайлуулахад зарцуулдаг гэж мэдээлэв.
Энэхүү шийдлээр жилд 18 сая гаруй шоо метр гүний цэвэр ус хэмнэх боломж бүрдэх бөгөөд дахин боловсруулсан усыг уул уурхай, авто зам, дэд бүтэц, хөдөө аж ахуй, нөхөн сэргээлт, ногоон байгууламжийн усалгаа, зам талбайн угаалгад ашиглахыг уриаллаа. Мөн үйлдвэрийн хэвийн ажиллагаа, хүчин чадал, тариф, хүний нөөцийн чадавх зэрэг асуудалд Засгийн газар, холбогдох байгууллагууд анхаарах шаардлагатайг Ерөнхийлөгч онцлов.
Уг бүтээн байгуулалт АНУ-ын Мянганы сорилтын корпорацын 350 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монголын талын 111 сая ам.долларын санхүүжилттэй хоёр дахь Компакт гэрээний хүрээнд хэрэгжиж буй төслийн нэг хэсэг юм.


Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!