“Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болж, холбогдох яам, агентлаг, ТББ, ШУА, их дээд сургуулийн судлаачид, уул уурхайн салбар болон хувийн хэвшил, орон нутгийн төлөөлөл оролцлоо.

Хурлыг нээж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт “Үндэсний баялгийн сангийн төрөлжсөн сангуудын зарцуулалтыг 2030 он хүртэл царцаасан нь зөв эсэх, хуваарилалт тэгш, шударга байж чадаж байгаа эсэх, Хуримтлалын санг зөвхөн эрүүл мэнд, боловсрол, орон сууц, ипотекийн зориулалтаар зарцуулах зохицуулалт бодит хэрэгцээтэй нийцэж байгаа эсэх”-ийг бодлогын түвшинд дахин нягтлах шаардлага гарч байгааг онцлов.

Хуралд оролцогчид газрын хэвлийн баялгийн өгөөжийг иргэдэд тэгш хүртээх, Үндэсний баялгийн сангийн орлогыг нэмэгдүүлэх, ногдол ашгийг бодитой төвлөрүүлэх, удирдлага менежментийг сайжруулах, хуваарилалтыг шударга болгох зэрэг асуудлаар санал хэлж, хэлэлцүүлэг өрнүүлжээ.