Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр "Нийслэл баялгийн хараал болсон. Хаана их мөнгө цутгана тэнд авлига нуугддаг, эрх мэдэл нүүрлэдэг" хэмээн мэдэгдсэн билээ. 

Дээрх мэдэгдэлд Хотын дарга асан Д.Сумъяабазар эгдүүцэж цахим хуудсаараа дамжуулан Б.Энхбаярт үнэнч шударга байхыг санууллаа. 

Тэрбээр "Төрийн сүлдэндээ тангараг өргөдөг Монгол Улсын хуульзүйн салбарыг удирдаж буй сайд Б.Энхбаяр нийслэл Улаанбаатар хотыг Баялгийн хараал хүрчээ гэж ярихыг харлаа. Ямар гээчийн ад зэтгэр нь шүглэчихээ вэ? Нийслэлээс сонгогдсон гишүүд Улаанбаатар хотыг хөгжүүлэх түр хороо байгуулж, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг 27 жилийн дараа, Ковидын хүнд нөхцөлд юу болж батлууллаа даа. 

Өнөөдөр Улаанбаатар хот эрхзүйн болон эдийн засгийн реформыг хийж, жинхэнэ бүтээн байгуулалтын ажлууддаа ханцуй шамлан ороод байна. Ажлын гүйцэтгэлийн үр дүн ч нүдэнд харагдахуйц гарч байна.

Баялгийн хараалтай нүүр тулж, авлига албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх гэж байгаа бол Тавантолгой, Ухаа худаг, Бодь Групп, Төмөр зам, тэдгээрийг тойрсон мөнгөний асуудал болох 44 их наядаас эхлээд 1,5 сая ам.долларын яриануудыг бүх л хүмүүс мэдэж байгаа. Үүнийгээ шалга. Авлига албан тушаалын гэмт хэргийн жинхэнэ гогцоо тэндээс чинь хөвөрдөх болноо гэдгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан хүний хувьд хэлье. Энхбаяр минь үнэн байгаарай, шударга байгаарай" гэсэн байна.