Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 08:00 цагт эхэлж, үргэлжилж байна.

Энэ удаагийн хуралдаанаар өнгөрсөн долоо хоногт ажлаа өгөхөө мэдэгдсэн Боловсролын сайд П.Наранбаяр, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нарын асуудлыг хэлэлцэх хүлээлт байсан ч хэлэлцэх асуудлын жагсаалтад тусгагдаагүй байна.

Харин өнөөдрийн хуралдаанаар Ойрх Дорнодын бүс нутагт үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан Монгол Улсын эдийн засагт учирч болзошгүй эрсдэлийг даван туулах, онцгой нөхцөлд авах хариу арга хэмжээний талаар хэлэлцэж байна.

Мөн төлбөрийн чадваргүй болсон банканд байршуулсан төрийн болон тусгай зориулалтын сангийн хөрөнгийг буцаан төвлөрүүлэх ажлын явц, Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хуулийн төсөл, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн шинэчилсэн найруулга зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Үүнээс гадна төмөр замын салбарт хэрэгжүүлэх зарим арга хэмжээ, төрийн худалдан авах ажиллагааны хуулийн шинэчилсэн найруулга, “Баялагтаа эзэн Монгол” санал асуулгын бэлтгэл ажил, үүрэн холбооны сүлжээг улс даяар бүрэн хамруулах төлөвлөгөө зэрэг асуудлыг авч үзэж байна.

Харин сайд нарын томилгооны тухайд улс төрийн хүрээнд тодорхой яригдаж байгаа. Эрчим хүчний сайдад УИХ-ын гишүүн Б.Найдалаа, Боловсролын сайдад УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нарын нэрс яригдаж байгаа ч өнөөдрийн хуралдаанаар албан ёсоор хэлэлцэх эсэх нь тодорхойгүй хэвээр байна.