Улс төрийн халуун сэдвүүд дундаас бизнес, эрх мэдэл, ашиг сонирхол огтолцсон маргаанууд хамгийн их анхаарал татдаг. Сүүлийн өдрүүдэд Бодь групптэй холбоотой асуудал дахин сөхөгдөж, тус группийн ТУЗ-ийн дарга Д.Баясгалан, “Бодь интернэшнл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан А.Амундра нар олон нийтийн анхаарлын төвд орж ирлээ. Гэвч анхаарал татаж буй зүйл нь зөвхөн агуулга бус, энэ маргаан хэрхэн өрнөж байгаад оршиж байна.
Нэг тал нь олон зуун хуудас материал хууль хяналтын байгууллагад өгсөн гэж мэдэгдэж, нөгөө тал нь түүнийг эрс няцааж байгаа ч энэ бүхэн Монголын нутаг дэвсгэр дээр биш, харин хилийн чанадаас, сошиал орчинд өрнөж байна. Улсын хэмжээний стратегийн төсөл, тэрбум ам.доллараар хэмжигдэх хөрөнгө оруулалтын асуудлыг ингэж “зайнаас тайлбарлах” суугаа нь зүйд нийцэх үү.
Тавантолгой–Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн өртөг, оффтейк гэрээний нөхцөл, нүүрсний үнэлгээ зэрэг асуудалд өнөөдрийг хүртэл нэг мөр, ойлгомжтой тайлбар өгөөгүй хэвээр байна. Нэг нь “өссөн” гэж, нөгөө нь “өсөөгүй” гэж ярьж байгаа ч аль нь бодит үнэн бэ гэдгийг нотлох хамгийн зөв талбар бол сошиал биш, хууль хяналтын байгууллага байлтай.
Хамгийн гол нь энэ бол хоёр хүний маргаан биш. Энэ бол нийтийн эрх ашиг, улсын хөрөнгө, стратегийн төслийн асуудал. Ийм асуудалд “хэн нь илүү чанга дуугарч байна” гэдгээр биш, “хэн нь баримтаар нотолж байна” гэдгээр дүгнэлт хийгдэх ёстой.
Гэтэл өнөөдрийн нөхцөл байдалд бодит шалгалт, ил тод тайлбарын оронд байр суурийн зөрчил, мэдэгдлийн дайнд илүү анхаарал хандуулж байгаа нь асуудлыг шийдэхээсээ илүү будлиантуулах эрсдэл дагуулж мэдэх нь.
Иймээс энэ маргаанд нэр холбогдсон талууд хилийн цаанаас байр суурь илэрхийлэх бус, эх орондоо ирж, хууль хяналтын байгууллагын өмнө албан ёсоор тайлбар өгч, шалгуулж, үнэн худлыг эцэслэ хэмээн олон нийт шаардаж байна.
Эцэст нь хэлэхэд, олон нийтэд хамгийн хэрэгтэй зүйл нь мэдэгдэл биш, тодорхой хариулт. Харин тэр хариултыг зөвхөн бодит шалгалт, баримт нотолгоо л өгч чадна. Олон нийтийн итгэл бол үгээр биш, ил тод байдлаар хэмжигддэг гэдгийг Д.Баясгалан, А.Амундра нарт сануулъя.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!