Монголын улс төрд сүүлийн өдрүүдэд үүссэн гацаа болон сөрөг хүчний шаардлага эцэслэгдэж, УИХ-ын дарга Н.Учрал албан тушаалаа хүлээлгэн өгч, Ерөнхий сайдаар томилогдон Засгийн газраа бүрдүүлнэ гэх мэдээлэл улс төрийн хүрээнд гол сэдэв болж байна.
УИХ дахь Ардчилсан намын (АН) бүлгээс энэ сарын 16-ны өдөр албан ёсны мэдэгдэл хийж, "МАН-ын дарга Н.Учрал УИХ-ын даргын албыг давхар хаших нь парламентын засаглалын тэнцвэрт байдлыг алдагдуулж байна" хэмээн үзсэн юм. Тэд Н.Учралыг өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүртэл чуулганы болон байнгын хороодын хуралдаанд оролцохгүй гэдгээ зарласан.
Энэхүү бойкотын улмаас сүүлийн 10 хоногийн хугацаанд УИХ-ын үйл ажиллагаа ирц бүрдэхгүйгээс шалтгаалан гацаад байсан юм. Гэхдээ чуулганы гацаанд дан ганц АН-ын буруутгах аргагүй. Учир нь УИХ дахь МАН 68 суудалтай. Гэвч тус намынхан АН-ын акцийг дамилдуулан талцаж, сошиалаар бие бие рүүгээ дайрсаар зөрчил тэмцэл хурцдаж, чуулганы ирц бүрдүүлэлт хэвийн үргэлжлэх боломжгүй болсон.
Тэгвэл УИХ-ын дарга Н.Учрал улстөрийн шийдвэр гаргахаа мэдэгдлээ. Улмаар УИХ дахь МАН-ын бүлэг 14.00 цагаас ээлжит бусаар хуралдаж, энэ талаар хэлэлцэхээр болжээ. Өөрөөр хэлбэл УИХ-ын дарга Н.Учрал өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, намын дүрмийн дагуу (Намын дарга Ерөнхий сайд байх) гүйцэтгэх засаглалыг тэргүүлэх, Ерөнхий сайд асан Г.Занданшатарын танхимыг шинэчлэн бүрдүүлж, өөрийн багтайгаа ажиллах, УИХ-ын дараагийн даргыг томилох асуудал өрнөх нь гэх томоохон хүлээлттэй байна.
Учир нь УИХ-ын дарга Н.Учрал "Бидэнд гацаа биш гарц шийдэл хэрэгтэй" хэмээсэн юм. Хэрэв Н.Учралыг улс төрийн шийдвэр нь Ерөнхий сайд байх аваас Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт болон улс төрийн намуудын төлөвшилд шинэ алхам болж байна. МАН-ын 31 дүгээр Их хурлаас баталсан "Намын дарга Ерөнхий сайд байна" гэх зарчим ийнхүү хэрэгжиж эхэлснээр засаглалын хариуцлага илүү тодорхой болох хүлээлттэй байна.
Мөн АН-ын зүгээс тавьсан "Парламентын дарга нь аль нэг намын удирдагч байж болохгүй" гэх зарчмын шаардлага биелснээр парламентын гацаа арилж, хаврын чуулганы хэлэлцэх асуудлууд хэвийн горимдоо орох боломж бүрдэх нь.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!