МАН-ын дотоодод өрнөж буй эрх мэдлийн шилжилт, бүтцийн өөрчлөлт дундаас хоёр өөр хэв маягтай улстөрч тодрон гарч ирж байна. Нэг нь шийдэмгий, хурдтай өөрчлөлтийг эрэлхийлэгч Н.Учрал бол, нөгөө нь зөрчилдөгч талуудын дунд хэлцлийн орон зайг хадгалж үлдэж буй С.Амарсайхан юм. Өнөөдрийн улс төрийн нөхцөл байдал энэ хоёр эрхэмгүйгээр цаашид үргэлжлэх боломжгүй хэмжээнд хүрчээ.

Н.Учралын хувьд засаглалын болон намын удирдлагын тодорхой хүрээг өөрчлөх зорилготойгоор эрчтэй алхмуудыг хийсэн. Тэрбээр намын хуучин институцийг төлөөлж буй эрхэмүүдтэй сөргөлдөж, тодорхой хэмжээний үр дүнд хүрсэн ч энэ нь эргээд нам доторх "30-ын бүлэг" болон сөрөг хүчний нэгдэл гэх том ханатай тулсан. Хэт хүч түрэн шийдэх гэсэн оролдлого нь эрх баригч намыг хагарал руу түлхэх, цаашлаад УИХ дахь хүчний харьцаанд томоохон эрсдэл учруулж болохыг Ерөнхийлөгч болон намын удирдлагууд анзаарч, зохицуулалт хийхээс өөр аргагүйд хүрч байна.

Намын доторх түнжин хагарал туйлдаа хүрч, зарим нь байнгын хорооны хурал дээрээ гар зөрүүлж, талууд хэлэлцээрийн ширээний ард суух боломжгүй болсон эгзэгтэй мөчид С.Амарсайхан "дипломат" үүргийг гүйцэтгэв. Тэрбээр өнгөрсөн хугацаанд Шадар сайдын суудлаа өгөхдөө ч, фракцуудын зөрчилдөөний үеэр ч ямар нэгэн хонзогнол, туйлшралгүйгээр төвийг сахиж чадсан нэгэн. Намынхаа хагаралд ч хошуу нэмээгүй. 

Ялангуяа геополитикийн амаргүй нөхцөлд дотоод эв нэгдэл хамгийн чухал гэдгийг тууштай баримталсан нь түүнд улс төрийн "итгэлцлийн капитал"-ыг авчирлаа. Түүнийг зарим нэг нь Д.Амарбаясгалангийн тал гэж хардаг ч Ерөнхийлөгчийн институт болон бусад талуудтай харилцаагаа таслалгүй, эвлэрэх орон зайг  нээлттэй үлдээсэн нь өдгөө УИХ-ын даргад хүлээн зөвшөөрөгдөх цорын ганц хувилбар болон харагдаж байна. 

Улс төр бол зөвхөн эрх мэдлийн төлөөх тэмцэл бус, харин боломжит хувилбаруудыг хамгийн зөвөөр тооцоолж, тогтвортой байдлыг хангах урлаг юм. Яг энэ шалгуураар С.Амарсайхан өнөөдрийн улс төрийн гацааг тайлах гол түлхүүр болон тодорч байна.