УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын даргыг томилох асуудлыг хэлэлцэж байна. МАН-ын Удирдах зөвлөлөөс УИХ-ын даргад С.Бямбацогтыг дэвшүүлж, УИХ дахь МАН-ын бүлэг дэмжсэн юм.

Гэвч уг асуудлыг чуулганы хуралдаанд танилцуулсны дараа УИХ дахь АН-ын бүлэг завсарлага хүсэв. Бүлгийн дарга О.Цогтгэрэл энэ талаар “С.Бямбацогтын хувь хүн рүү чиглэсэн ямар нэг асуудал байхгүй. Туршлагатай улс төрч гэдэгтэй хэн ч маргахгүй. 

Харин 126 гишүүнтэй парламентын даргыг ямар ч асуулт-хариултгүйгээр шууд томилохоор дэглэсэн нь зохисгүй. УИХ-ын тухай хуульд учир дутагдалтай зүйл байна. Тиймээс зарчмыг зарчмаар нь явуулахын тулд хуульдаа өөрчлөлт оруулах шаардлагатай” гэв. 

АН-ын бүлэг ажлын гурав хоногийн завсарлага хүссэн ч УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ ажлын нэг хоногийн завсарлага олгосноор С.Бямбацогтыг томилох хэлэлцүүлэг түр хугацаанд хойшлоод байна.