Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны сайд Ч.Номин салбарынхаа төсөв дээр байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “Цахим хөгжил бол маш чухал хэрэглээний хамгийн гол зүйл. Бүр тодруулж хэлбэл үндсэн дэд бүтэц нь. Цахимаас хэмнэлт их хийдэг юм байна. 

Цахим хөгжлийн яамны төсвийн багц  85 тэрбум байна. 24 тэрбум нь дэд бүтэц, үлдсэн нь урсгал зардал. Эрчим хүчний салбарт цахилгаан тасрах, зам тээврийн салбарт зам харгуйн бүтээн байгуулалт өрнөхгүй бол маш хүнд байдал үүснэ. Цахим хөгжил ч ялгаагүй, зам тээвэр, эрчим хүч шиг чухал нөлөөтэй салбар. Хүмүүс интернэтээ ашиглаж чадахгүй бол өнөөдрийн амьдралыг төсөөлөх аргагүй. Цахим хөгжлөөс асар өндөр хамааралтай амьдарч байгаа учраас энэ салбарын зардлыг хэмнэх боломжтой гэж харах аргагүй. 

Сайдын хувьд хийх ёстой хамгийн чухал зүйл бол төсвийн бодлогод салбарынхаа бодлогыг зөв таниулж  шаардлагатай төсвүүдийг тусгах гэж харж байна. Цахим хөгжлийн салбар төсвийн хувьд их орхигджээ. Ингэж орхигдсоноор Монгол улсад орж ирэх олон боломжийг хааж байна гэсэн үг. 

Залуусын хувьд ирээдүйд дэлхийтэй хөл нийлүүлж алхахын тулд өндөр хурдны интернэт, хиймэл оюун ухааны хөгжил асар чухал. Ингээд ч зогсохгүй, зөвхөн хэрэглэгчийн төвшинд биш үйлдвэрлэгчийн төвшинд очихын тулд цахим дэд бүтцүүд сайжирсан байх ёстой” хэмээн ярилаа.