Монголын улс төрд нэгэн хачирхалтай парадокс үүслээ. Төрийн их гацааны дараа шинээр томилогдсон Ерөнхий сайд Н.Учралын Засгийн газар их хүлээлт дагуулсан ч харамсалтай нь тэрбээр ярьсан шигээ хийж чадсангүй. Түүгээр ч барахгүй сая сая ам.долларын хэрэгт нэр нь холбогдсон хүнээр “гал тогоогоо” бариулж, хамтрагчийг нь албан тушаалд нь үлдээчих нь тэр. 

Хууль зүйн сайдаар шинээр томилогдсон С.Амарсайхан дээрх шийдвэрийг нь эсэргүүцэж, Дэд сайд Д.Мөнх-Эрдэнэтэй хамтран ажиллах боломжгүй гэдгээ Засгийн газрын хуралдаан дээрээ мэдэгдсэн байна. Үнэндээ дээрх дүр зураг бол зүгээр нэг улс төрийн үл ойлголцол биш, харин Монголын төрийн тогтолцоонд тулгарч буй томоохон сорилт болох нь.

Учир нь Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн АТГ-т хүлээлгэн өгсөн 894 хуудас материал нь ердийн нэг улс төрийн "мэдэгдэл" байхаа больж, эрүүгийн хэрэг болон хувирлаа. Эрүүгийн хуулийн 22.4.3 буюу улс төрд нөлөө бүхий этгээд хахууль авсан байж болзошгүй зүйл ангиар хэрэг нээгдэж, санхүүгийн урсгал, тэр дундаа 1.3 сая ам.долларын шилжилтийг АТГ-аас шалгаж эхэлсэн нь нөхцөл байдал бишдэснийг илтгэнэ. Гэвч энэ хэргийн гол холбогдогчдын нэг болох Б.Энхбаяр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар томилогдсон нь "шалгагдаж буй хүн шийдвэр гаргах төвд суух" гаж тогтолцоог бий болгоодохов.

ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр өөрийгөө “Засгийн газрын эв нэгдлийг хангах албан тушаалд томилогдсон” гэж тодотгож байгаа нь Засгийн газар дотроо үл ойлголцол байсаар байгааг илтгэж байгаа хэрэг юм. Ийнхүү нэг талд мөрдөн шалгах ажиллагаа, нөгөө талд томилгоо, гурав дахь талд дотоод үл ойлголцол зэрэг гурван давхар процесс зэрэг явагдаж байна.

Өөрөөр хэлбэл, энэхүү гурвалсан процессын огтлолцол дээр Монголын төр зогсож байна гээд хэлчихэд хилсдэхгүй. Эндээс хамгийн чухал асуулт урган гарна. Шалгагдаж буй хүн төрд томоохон албан тушаалд томилогдох ёстой юу, эсвэл эхлээд асуудлаа хуулийн хүрээнд шийдүүлчихээд дараа нь томилогдох уу? Хэрэв энэ асуултад тодорхой хариулт өгөхгүй бол ямар ч “эв нэгдэл” гэх үг хоосон тунхаг төдий сонсогдох болно.

Өөрөөр хэлбэл 894 хуудас баримт бол улс төр, бизнес, эрх мэдлийн хууль бус огтлолцлыг ил болгосон том сорилт болох нь гарцаагүй байна. Хэрэв энэ хэрэг бодитоор шалгагдаж, хариуцлага тооцогдвол Монголын улс төрд жинхэнэ "цэвэрлэгээ" эхэлнэ. Харин эсрэгээр, томилгоо болон улс төрийн тохиролцооны хүрээнд замхарвал энэ нь системийн доройтлын дараагийн баталгаа болж үлдэх юм.