Засгийн газрын Лхагва гаригийн ээлжит хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр шийдвэрлэжээ. 

Салбарын сайд Г.Дамдинням хуулийн төслийн гол өөрчлөлтүүдийг танилцуулахдаа зэсийн салбарыг Монголын эдийн засгийн хоёр дахь тулгуур болгох зорилтыг онцлов. Түүний мэдээлснээр, хэрэв хуулийн төсөл батлагдвал Цагаансуваргын ордыг шууд уурхайгаар ашиглаж эхлэх боломж бүрдэхээс гадна Хармагтайн орд зэрэг 10 гаруй бэлэн болсон төслийг урагшлуулах нөхцөл бүрдэх аж. 

Тэрбээр энэ талаар “Зэсийн салбарыг хөдөлгөснөөр манай улсын экспортын хүчин чадал 50 хүртэл хувиар нэмэгдэх боломжтой. Үүнийг дагаад төсвийн орлого өсөж, баялгийн сангаар дамжин иргэдэд очих үр өгөөж нэмэгдэнэ. Ашигт малтмалын салбарт нэгдсэн бодлогоос гадна тухайн түүхий эдэд чиглэсэн олон улсын өрсөлдөх чадвартай бодлого хэрэгжүүлэх нь Засгийн газрын зорилт” хэмээн мэдэгдлээ.

Хуулийн төсөлд зэсийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг (АМНАТ) дэлхийн жишигт нийцүүлэн бууруулах зохицуулалт тусгасан нь гадаадын хөрөнгө оруулалтыг татах, хүлээгдэж буй төслүүдийг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

Мөн одоогийн хуулиар АМНАТ-ийн орлогын 10 хувийг орон нутгийн хөгжлийн санд хуваарилдаг бол энэ хэмжээг 15 хувь болгон нэмэгдүүлэхээр тусгажээ. Ингэхдээ зөвхөн аймагт бус, хүн амын тоо, газарзүйн алслагдсан байдал, лицензийн байршил, хариуцлагатай уул уурхайтай хамтын ажиллагаа зэрэг шалгуурыг харгалзан тухайн суманд хүртэл хуваарилах зохицуулалт оруулсан байна.

Түүнчлэн дэлхийн чиг хандлагад нийцүүлэн чухал ашигт малтмалын жагсаалтыг дотооддоо тодорхойлон зарлах, хайгуулын тусгай зөвшөөрлийн олголтыг хөнгөвчлөх, эрэл судалгааны ажлыг эрчимжүүлэх суурийг бүрдүүлэх өөрчлөлтүүдийг хуулийн төсөлд тусгажээ.