Үндсэн хуулийн цэцээс 2026 оны 3 дугаар сарын 26-ны өдөр иргэний мэдээллийн дагуу Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 4 жил гэж заасан нь Үндсэн хуулийн 6 жилийн (нэг удаа сонгогдох) заалттай зөрчилдөж буй эсэх маргааныг хянан шалгахаар болсноо зарласан. Улмаар энэхүү маргааныг хэлэлцэх Цэцийн дунд суудлын хуралдаан 2026 оны 5 дугаар сарын 8-ны өдөр буюу ирэх баасан гарагт болохоор товлогджээ.
2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил болгон, зөвхөн нэг удаа сонгогдохоор өөрчилсөн. Гэвч Ерөнхийлөгчийн тухай хуульд 4 жилийн хугацаатай хэвээр байгаа нь эрх зүйн зөрчилтэй гэж үзжээ.
Учир нь Үндсэн хуулийн дээд хүчин чадлыг хангах үүднээс бусад хуулийг Үндсэн хуульд нийцүүлэх ёстой байсан ч өнөөг хүртэл тодорхой үр дүнд хүрээгүй байна.
Гэхдээ Цэцийн энэхүү маргаан нь зөвхөн бүрэн эрхийн хугацааны тоогоор хязгаарлагдахгүй, төрийн эрх мэдлийн хуваарилалт, институциудын харилцан тэнцвэртэй байдлыг хөндөж байгаа нь анхаарал татаж буй юм.
2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн эрх мэдлийг тодорхой хүрээнд хуульчлах, давхардал болон хийдлийг арилгах зорилт тавьсан. Тухайлбал, хууль санаачлах эрх болон гүйцэтгэх засаглалтай холбоотой эрх хэмжээг хязгаарлаж, парламентын засаглалын шинж чанарыг бэхжүүлэхэд чиглэсэн.
Өөрөөр хэлбэл, Парламентын тогтолцоотой улс оронд Ерөнхийлөгч нь төрийн тэргүүний хувьд үндэсний эв нэгдлийг илэрхийлэх үүрэгтэй байдаг. Гэвч хууль тогтоомжийн дээрх зөрчлөөс шалтгаалан Ерөнхийлөгчийн хэрэгжүүлж буй бүрэн эрхийн цар хүрээ Үндсэн хуульд зааснаас илүү өргөн хүрээтэй байсаар байгаа юм.
Цэцийн дунд суудлын хуралдаанаар Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг хэлэлцэх гэж байгаа нь зөвхөн хугацааны асуудал бус, цаашид Ерөнхийлөгчийн хэрэгжүүлэх эрх мэдэл, Үндсэн хуулийн нийцлийг бүхэлд нь авч үзэх суурь асуудал болон хувирч байна.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!