УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалантай парламентын дархлаа, УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төсөл, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяатай холбоотой асуудал болон намын дотоод нөхцөл байдлын талаар ярилцлаа.
- Ерөнхийлөгч УИХ-ын гишүүнийг ёс зүйн үндэслэлээр эгүүлэн татах тухай хуулийн төсөл өргөн барьж, УИХ хэлэлцэхийг нь дэмжлээ. Та энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?
- УИХ-ын гишүүн аливаа асуудлыг дэмжих эсвэл эсэргүүцэх байр сууриа хараат бусаар илэрхийлэх эрхтэй. Парламентын дархлаа гэдэг ойлголтын үндсэн агуулга нь энэ. Гишүүдийн байр суурь бол сонгосон иргэдийнх нь төлөөлөл байдаг. Хэрэв хэн нэгэн хүчээр байр суурь тулгаж, санал өгөхийг шаарддаг бол парламент өөрөө дархлаагүй болно гэсэн үг.
- 126 гишүүнтэй парламентын давуу талыг та хэрхэн харж байна вэ?
- 126 гишүүнтэй болсноор улс төрийн намуудын бодит байр суурь илүү тодорхой болж эхэллээ. Парламентын засаглал дархлаажих суурь бүрдэж байна. Энэ нь цаашдаа намуудын хариуцлагыг нэмэгдүүлж, сонгогчид хэнийг, ямар үзэл баримтлалтай улстөрчийг дэмжих вэ гэдгээ илүү тодорхой харах боломжтой болно.
Монголтой хамгийн ойролцоо жишээ бол Шинэ Зеланд. Тус улс 1990-ээд онд хоёр том намын улс төрийн гацалтаас гарахын тулд парламентынхаа тогтолцоог өөрчилж, төлөөллийн хүрээгээ тэлсэн. Үүний дараа төрийн бодлого нь илүү тогтвортой болсон байдаг.
- Үндсэн хуулийн цэц УИХ-ын дэд дарга Х.Булгантуяатай холбоотой асуудлаар Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан. Та ямар байр суурьтай байна вэ?
- Дэлхийд парламентын хуралдаан даргалсныхаа төлөө төрийн эрхийг хууль бусаар авсан гэж эрүүгийн хэрэгт татагдсан жишээ байдаггүй. Монголд анх удаа ийм нөхцөл үүсэх гэж байна.
Гэхдээ энэ асуудлыг хууль, хяналтын байгууллагууд мэргэжлийн түвшинд, хуулийн дагуу шийдвэрлэнэ гэдэгт итгэж байна. Мөн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт болон эрүүгийн хэрэг хоёр тусдаа ойлголт гэдгийг ялгаж харах хэрэгтэй.
Хэрэв Цэцийн дүгнэлтийг шууд эрүүгийн хариуцлагатай холбож үзвэл өмнөх ижил төстэй бүх тохиолдолд ижил шалгуур тавигдах асуудал гарч ирнэ.
-Эгүүлэн татах тухай хуулийн төсөл дээр таны дэмжихгүй байгаа гол асуудал нь юу вэ?
- УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах асуудлыг хоёр үндэслэлээр ярьж болно. Нэгдүгээрт, шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон тохиолдолд бүрэн эрхийг нь түдгэлзүүлж, хуулийн процесс явах боломжтой.
Хоёрдугаарт, парламентын гишүүнийг татах эрх нь тухайн гишүүнийг сонгосон иргэдэд байх ёстой. Гэтэл ёс зүйн асуудлыг үндэслэж, Үндсэн хуулийн цэц эсвэл УИХ-аас томилогдсон субъектүүдийн шийдвэрээр гишүүнийг эгүүлэн татна гэдэг нь парламентын гишүүний бүрэн эрхэд төдийгүй сонгогчдын эрхэд халдсан асуудал болно.
- Энэ хууль батлагдвал улстөрчдийг шахах хэрэгсэл болно гэсэн болгоомжлол бий. Та санал нийлэх үү?
- Парламентын гишүүд байр сууриа чөлөөтэй илэрхийлж, хэлэлцүүлгийн үеэр үзэл бодлоо хамгаалж, эцэст нь олонхийн саналаар асуудлаа шийддэг байх ёстой. Парламентын үндсэн зарчим нь аливаа шахалт, дарамтаас ангид байх явдал. Энэ л парламентын дархлаа юм.
- УИХ-ын дарга нам бус байх ёстой гэсэн асуудал яригдаж байна. Та үүнд ямар байр суурьтай байдаг вэ?
- Олон намын оролцоотой парламентын үед спикерийн асуудал улс төрийн төв сэдэв болдог. Миний хувьд 2028 оны сонгуулийн дараа УИХ-ын дарга нам бус байх шаардлага үүснэ гэж өмнө нь харж байсан. Харин өнөөгийн нөхцөл байдлаас харахад энэ шаардлага аль хэдийнэ бий болжээ.
Англи-Саксоны орнуудын жишгийг харахад зөвхөн олонх болсон нам бус, цөөнхийн дэмжлэгийг ч авч чадсан хүнийг спикерээр томилдог тогтолцоо бий. Тиймээс УИХ-ын дарга гэдэг нь зөвхөн олон суудалтай намын төлөөлөл бус, парламент дахь зөвшилцлийг хангаж чаддаг хүн байх ёстой.
- Танай намын дотоод зөрчил намжсан уу?
- Улс төрийн нам дотор үзэл бодлын зөрүү байх нь хэвийн үзэгдэл. Би Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа нэг зүйлийг байнга хэлдэг байсан. Тогтуун ус өмхийрдөгтэй адил, дотроо ямар ч үзэл бодлын зөрчилгүй нам шинэчлэл хийж чаддаггүй.
Үзэл бодлоо илэрхийлсний төлөө буруутгах ёсгүй. Харин байр сууриа уралдуулж, олонхийн шийдвэрээр асуудлаа шийддэг байх нь улс төрийн намын ардчиллын шинж.
- Олон улсын парламентын холбооноос ирүүлсэн бичигтэй та танилцсан уу?
- Танилцсан. Х.Булгантуяа гишүүнтэй холбоотой асуудлыг Олон улсын парламентын холбоо анхааралтай ажиглаж байгаагаа албан бичгээр мэдэгдсэн.
Би өмнө нь хэлсэнчлэн, парламентын хуралдаан даргалсныхаа төлөө эрүүгийн хэрэгт татагдсан жишээ дэлхийд байхгүй. Монголд ийм нөхцөл үүсэж байгааг олон улсын байгууллага анхаарч байна гэдэг өөрөө том дохио.
- Намын Хяналтын ерөнхий хороо таныг дуудсан уу. Өргөдлөө өгөх хүсэлт тавьсан уу?
- Хяналтын ерөнхий хороо нэг удаа дуудсан, очиж уулзсан. Өргөдлөө өгөх хүсэлт тавьсан. Гэхдээ шүүхийн эцэслэн шийдвэр гараагүй байхад өргөдлөө өгнө гэсэн ойлголт байхгүй.
Монгол Улсын Үндсэн хуулиар шүүхийн шийдвэрээр гэм буруутай нь тогтоогдоогүй хүнийг буруутайд тооцох боломжгүй. Би хуулийн байгууллагад шаардлагатай мэдүүлэг, баримтуудаа гаргаж өгсөн. Зарим асуудлаар цагаатгах хүсэлт ч тавьсан. Хуулийн байгууллагын ажиллагааг хүндэтгэж, энэ хугацаанд хэвлэлд ямар нэгэн мэдэгдэл хийхээс зайлсхийж ирсэн.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!