Монголын улс төрд нэгэн аюултай үзэгдэл улам даамжирч байна. Засгийн газар солигдох бүрт өмнөх Засгийн газрын эхлүүлсэн төслүүд “өшөө авалтын бай” болж, парламент дээр очоод санхүүжилт нь боогддог, улстөрчдийн зодооны дундуур гацдаг тогтолцоо хэвийн үзэгдэл мэт боллоо.
Н.Учралын Засгийн газар яг одоо нэг л зүйл дээр тодорхой байр сууриа хэлэх шаардлагатай байна. Тэд улс төрийн сенсаац, фракцын тулаан, парламентын өдрийн хэрүүлээ үргэлжлүүлэх үү, эсвэл эдийн засгийн том төслүүдээ хамгаалж үлдэх үү?...
Учир нь Туулын хурдны замын дараа өнөөдөр Сэлбэ дэд төв, Газрын тос боловсруулах үйлдвэр зэрэг стратегийн томоохон төслүүдийн санхүүжилтийн хэрэглээг тэлэх агуулгатай хуулийн төслийг парламент унагачихав. Энэ бол ганц хууль унасан асуудал биш. Харин Монгол Улс хөгжлийн төслүүдээ улс төрийн богино циклээр “амьсгал боодог” болсны шинж.
Сэлбэ дэд төв бол цаасан дээрх концепц биш. Өнөөдөр Улаанбаатарын хойд хэсэгт хамгийн бодитой өрнөж байгаа бүтээн байгуулалт. Лагерийн зам дагуу кран нь эргэж, орон сууцнууд нь өндийж, инженерийн дэд бүтэц нь татагдаж байгаа цөөн төслийн нэг. “20 минутын хот” гэх МАН-ын улс төрийн уриа бодит болсон цэг нь ч энэ.
Яармаг өмнө нь хэрхэн шинэ төв болж тэлсэнтэй адил, Сэлбэ дэд төв нийслэлийн дараагийн хөгжлийн зангилаа болно гэсэн хүлээлт бий. Гэтэл санхүүжилтийн урсгалыг нь хууль, улс төрөөр боочихвол юу үлдэх вэ? Хэдэн бетон араг яс, царцсан талбай, хагас дутуу кранууд уу?
Газрын тос боловсруулах үйлдвэр ч ялгаагүй. Энэ төсөл Монголын эрчим хүч, шатахууны хамаарлыг бууруулах стратегийн ач холбогдолтой гэж арваад жил ярьсан. Гэтэл улс төрийн зөрчил, парламентын тооцоогүй шийдвэрүүдээс болж дахин санхүүжилтийн эрсдэл рүү орж байна.
Хамгийн ноцтой нь, парламент дээр эдгээр төслийг эдийн засгийн талаас нь биш, “хэн санаачилсан бэ”, “хэн оноо авах вэ”, “хэн хожих вэ” гэсэн улс төрийн өнцгөөр харж эхэлсэн явдал. Ингэж хөгжлийн төслүүдийг нам, фракцын өмч мэт үздэг хандлага Монголын хамгийн том эрсдэл болж байна.
Төсөл бол намын өмч биш. Улс орны хөгжлийн бодлого төрийн циклээс урт настай байх ёстой. Хэрэв Засгийн газар бүр өмнөх төслөө нурааж, парламент нь дараагийн санхүүжилтийг нь гацаадаг хэвээр байвал Монгол Улс хэзээ ч том дэд бүтэцтэй, тогтвортой эдийн засагтай улс болж чадахгүй.
Тиймээс Н.Учралын Засгийн газар одоо тодорхой хариулт өгөх хэрэгтэй байна.
Төслүүдээ хамгаалах уу эсвэл улс төрийн зодоон дунд царцаагаад явах уу...Учир нь хөрөнгө оруулагчид нэг зүйлийг л харж байна. Монгол Улс төсөл хэрэгжүүлдэг улс уу, эсвэл төслөө өөрөө нураадаг улс уу гэдгийг тэд харж байгаа учир хариулт хэрэгтэй байна.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!