УИХ-ын чуулганы өнгөрсөн баасан гарагийн худалдаанаар Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэж, эцэслэн батлах эсэхээр санал хураахад 90 гишүүн оролцож, 64 гишүүн дэмжсэнээр батлагдах ёстой байсан ч 61 гишүүн дэмжсэнээр хуулийн төсөл харамсалтай нь батлагдсангүй унасан. Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Алтаншагай байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр "Залуу гишүүний хувьд анхны бие даан өргөн барьсан хуулийн төсөл. Бид нар УИХ-д ажлыг урагшлуулах, шинэчлэх, хууль эрх зүйн орчныг сайжруулах гэж иргэдээсээ сонгогдон орж ирсэн. Хойш нь татах гэж орж ирээгүй. Газрын тосны үйлдвэр эхлээд 8 жил болж байхад дөнгөж 28 хувийн гүйцэтгэлтэй байна. Дэлхийн зах зээл дээр Ормузын хоолой хаалттай байгаагаас нефтийн үнэ өссөн маш хүндрэлтэй байна. Нефтийн бүтээгдэхүүн өөрөө өргөн хэрэглээний үнэд шууд нөлөөлдөг.
Одоо хаврын тариалалт эхэлж, намрын ургац хураалт болно. Нефтээс болоод өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнийн өсөлт шууд хамаарна. Эцсийн эцэст ард иргэдийн нуруун дээр л ачаалал нэмэгдэнэ. Энэ хуулийн төслийг унагаснаар Сайншанд дахь газрын тосны үйлдвэр шууд зогсож байна. Хоёрдугаарт Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц. Баруун таван аймгийг яагаад дотоодынхоо эрчим хүчээр хангаж болдоггүй юм. Гуравдугаарт 10.000 айлыг гэр хорооллын нөхцөлөөс байшин хороолол руу шилжүүлээд агаар, хөрсний бохирдол, түгжрэл гэх мэт маш олон асуудлыг шийдэх том хуулийн төсөл батлагдах ёстой байхад 90-хэн гишүүн хуралдаа сууж хариуцлагагүй хандлаа.
Үүнээс болж зээлийн хүү, төсөвт өртөг нь нэмэгдэх, улс эх орны эдийн засгийг урагшлуулах чухал томоохон үйлдвэрүүдийн ашиглалтад орох хугацаа хойшлохоор болж байна. Энэ хуулийн төсөл гацаах нь хэнд хэрэгтэй вэ? гэдэг асуулт ч гарч ирж байна. Монгол Улс хөгжмөөр байна, бид утаанаасаа, түгжрэлээсээ, ядуурлаасаа, эрчим хүч, нефтийн хараат байдлаасаа, салмаар байна. Эрдэнэбүрэнгийн УЦС, Нефт боловсруулах үйлдвэрийн төсөл, Сэлбэ дэд төвийг түшиглэсэн 10,000 айлын орон сууцыг урагшлуулах гадаад зээллэгийг ашиглах хуулийн төслийг дахин оруулж ирэх болно" гэсэн байна.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!