Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан МТЗ-д үүсээд буй асуудал болон өөртэй нь холбоотой гарсан мэдээлэлд тайлбар хийлээ.

Тэрбээр 20 жилийн өмнө өөрийн хамаарал бүхий “Болд Төмөр Ерөө Гол” компани тухайн үеийн Ерөнхий сайд С.Баярын үед төмөр замын бүтээн байгуулалтад оролцож байсан талаараа дурдаад сүүлийн үед өөртэй нь холбоотой ташаа мэдээллийг зохион байгуулалттайгаар тарааж байна гэв. 

Б.Дэлгэрсайхан энэ талаар “Төмөр замын тээврийн үнийг яам тогтоодоггүй. Монополын эсрэг газар хяналт тавьдаг. Намайг Төмөртэйн ордтой холбож гүтгэсэн. Энэ бол стратегийн орд, шаардлагатай бол хууль хяналтын байгууллага шалгах биз. Мөн Гашуунсухайтаас Цагаан хад хүртэлх 19.2 км төрийн өмчит авто замыг “Смарт эко” компанид шилжүүлэх шаардлагыг өөрт нь удаа дараа тавьсан ч татгалзсан.  Төрийн өмчийн замыг хувийн хэвшилд олгох боломжгүй гэдгээ хэлсэн. Үүнээс болж миний эсрэг гүтгэлэг явуулж байна” гэлээ. 

Тус компанийн зүгээс замыг дур мэдэн хучиж, хамгаалалт тавьж, бусад тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхгүй байснаас шороон замаар зорчих хөдөлгөөн нэмэгдэж, осол гарсан гэх асуудлаар хууль хяналтын байгууллагад 10 орчим удаа албан бичиг хүргүүлсэн ч арга хэмжээ аваагүй аж. 

“Хэрэв би тухайн компанийн хүсэлтийг биелүүлсэн бол улсын өмчийг дур мэдэн шилжүүлсэн гэх асуудалд орно. Өмнөх сайд нарын жишээ бий” хэмээн тэрбээр онцоллоо.