НИТХ-ын ээлжит бус 12 дугаар хуралдаан Нийслэлийн Хангарьд ордонд үргэлжилж байна.  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид нэр  дэвшигч Б.Пүрэвдагва хуралдаанд оролцогч төлөөлөгчдийн асуусан асуултад хариулт өглөө.  

Тэрбээр хотын хөгжлийг бид өндөр барилга, өргөн замаар бус иргэдийн бодит орлого, амьдралын чанар, хүртээмжтэй орчин зэрэг дэлхийн бусад хотуудын жишигт нийцсэн шинэ стандарт, шинэ соёл, шинэ хандлагаар тодорхойлох цаг болсон гэдгийг онцоллоо.  Дэд бүтэц, түгжрэл, агаар орчны бохирдол, эрчим хүч дулааны дутагдал зэрэг хотод тулгамдсан асуудлууд хоорондоо нягт холбоотой. Тиймээс асуудлуудыг тус тусад нь биш, харилцан уялдаатайгаар, цогцоор нь төлөвлөж шийдэх шаардлагатай байна.  Бид Олон улсын сайн туршлага, нийтлэг зарчмуудыг нэвтрүүлж ажиллах шаардлагатай. 


Төр, иргэний итгэлцэл амлалт дээр биш ил тод, нээлттэй, тодорхой байдал дээр бий болдог. Тиймээс иргэд хотын төсөв, тендер, төслийн явц, шийдвэрийн мэдээлэлтэй бодит хугацаанд нь танилцаж, хянах, санал өгөх боломжийг бий болгоно.

Нийслэлд хэрэгжүүлж буй аливаа төсөл хөтөлбөр, зарцуулж буй хөрөнгө, үзүүлж буй үйлчилгээний үр дүн иргэдийн амьдралын чанар хэрхэн бодитоор сайжирснаар л хэмжигдэнэ. Тиймээс үр дүнд суурилсан төлөвлөлт, хэрэгжилт, хяналтын механизмийг сайжруулна.

Хот бол хуулийн өмнө хүн бүхэн, иргэн бүр эрх тэгш байх шударга ёсны зарчмын үлгэр дуурайлал байх ёстой. Авлига, хүнд суртлыг уриа лоозонгоор биш, хүний оролцоог багасгах процессын дахин инженерчлэл, технологийн шийдлээр бууруулах сайн жишгүүдийг нэвтрүүлнэ.

Аливаа эрх мэдэл, төсөв санхүү ард иргэд, татвар төлөгчдөөс эхтэй. Эдийн засгийн хүндрэл, геополитикийн тогтворгүй байдал үргэлжилж байгаа ээдрээтэй цаг үед ажлын байр бий болгож, татвар бүрдүүлж, эх орондоо баялаг бүтээж буй иргэн, аж ахуй нэгжүүдээ дэмжиж ажиллана.  Хотын даргын хувиар аливаа төрлийн татвар, төлбөр нэмэхгүй гэдгээ албан ёсоор илэрхийлж байна. Засгийн газартайгаа нягт хамтран ажиллаж, Монгол Улсын Ерөнхий сайдын дэвшүүлсэн “Чөлөөлье” санаачилгыг нийслэлийн хөрсөнд буулгаж хэрэгжүүлнэ.

Төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлж, “Төр бизнестэй өрсөлдөхгүй байх” зарчмыг баримтална. Миний хамгийн ойр ажиллах хүмүүс бол нийслэлийн иргэд, бизнес эрхлэгчид, аж ахуй нэгжүүд байх болно.

Нийслэлчүүдийн хүсэж буй хот маш тодорхой байна. Иргэд “Залуу гэр бүлд ээлтэй, хүртээмжтэй орон сууц”, “хүүхэд өсгөхөд аюулгүй, эрүүл орчин”, “түгжрэл, утаа багатай, тав тухтай, соёлтой хот”-ыг хүсэж байна. Ийм хотыг бий болгоход иргэн бүрийн оролцоо чухал.  Дарга биш иргэн төвтэй, цемент биш ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн, авто машинд биш хүнд зориулсан  “ШИНЭ ҮЕИЙН УЛААНБААТАР”-ыг бүтээхийн төлөө иргэндээ ойр, ил тод, нээлттэй, хариуцлагатай, хурдтай ажиллах болно гэдгээ илэрхийлье” гэсэн юм.