Оюутолгойн хянан шалгах түр хороонд ажиллаж байсан гишүүд Ашигт малтмалын тухай хуулийн өөрчлөлтийн талаар мэдээлэл хийлээ.
О.Батнайрамдал: Түүхэн дээд хэмжээнд хүрч өсөж буй зэсийн үнийн үед бид зэсээс авах ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ)-ыг гурав дахин бууруулах тухай ярьж байна. Энэ нь яг хэний эрх ашигт үйлчилсэн шийдвэр вэ?
Нөгөө талаас, Улсын Их Хурлын 120 дугаар тогтоолоор 6 сарын өмнө баталсан чиглэлийн хүрээнд Оюу толгойтой холбоотой шинэ хэлэлцээрүүд үргэлжилж байна. Энэхүү хэлэлцээрийн үеэр АМНАТ-ыг орлуулах хувилбар яригдаж байна. Ийм нөхцөлд зэсийн АМНАТ-ыг бууруулах санал гарч байгаа нь санамсаргүй давхцал уу, эсвэл тодорхой талын эрх ашигт үйлчилсэн бодлогын шийдвэр үү гэдэг асуулт зүй ёсоор тавигдаж байна.
Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ 2009 оны аравдугаар сарын 6-нд батлагдсан. Харин үүнээс гурван сарын өмнө буюу 2009 оны долоодугаар сарын 16-нд Улсын Их Хурал ээлжит бусаар хуралдан Ашигт малтмалын тухай хуульд 29 нэмэлт, өөрчлөлт оруулж, өнөөгийн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлсэн байдаг.
Өнгөрсөн хугацаанд энэхүү гэрээг хөрөнгө оруулагч талд хэт давуу байдал олгосон, Монгол Улсын эрх ашигт төдийлөн нийцээгүй гэрээг байгуулсан байдаг. Тиймээс өмнөх алдаанаасаа сургамж авч, байгалийн баялгийн үнэ өндөр байгаа энэ үед Монгол Улсын хүртэх өгөөжийг бууруулах аливаа шийдвэрийг маш нухацтай авч үзэх ёстой. Бид мэдсээр байж өнгөрсөн алдааг дахин давтаж болохгүй.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!