Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг холбогдох албаныхан танилцууллаа. 

Тэргүүн шадар сайд Ж.Энхбаяр "Засгийн газрын "Чөлөөлөлт" бодлогын хүрээнд өнөөдөр Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл түүнийг дагах Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон Зөвшөөрлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт болон бусад дагасан 115 хуулийн өөрчлөлтийг УИХ-д өргөн барихыг дэмжлээ. 

"Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл"-ийг танилцуулъя. 

Монгол Улсын эдийн засгийн тэлэх, хөрөнгө оруулалт татах шаардлага үүсэж байгаа. Манай улс 2025 онд эдийн засгийн эрх чөлөөт байдлын индексээр 184 улсаас 74 дүгээрт эрэмбэлэгдэж байна. Хамгийн гол буюу хөрөнгө оруулагчдад ээлтэй байдлын үзүүлэлтээр 109 дүгээр байрт эгнэж байгаа. Одоогийн хэрэгжиж байгаа Хөрөнгө оруулалтын тухай хууль 2013 онд батлагдсан. Үндсэндээ 10 гаруй жил хэрэгжсэн.

Эдийн засаг хөгжлийн яам дэргэдээ Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв байгуулсан. Улмаар гомдол, маргааныг бүртгэж, нэлээд олон асуудлыг шийдвэрлэлээ. Энэ ажлын үр дүнд хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатай гэж дүгнэлт гарсан. 

Хууль гурван гол бодлогын арга хэмжээнээс бүрдэнэ. Нэгдүгээрт, бизнесийн эрх чөлөөг хангахад баримтлах үндсэн зарчмыг тодорхой болгосон. Таван том зарчмын асуудал орж ирж байна. Хоёрдугаарт, төрийн бодлого, төрийн үйл ажиллагаанд хориглох асуудлыг дэлгэрэнгүй зааж өгсөн. Хувийн хэвшлийн орон зайд төрөөр дамжиж оролцох боломжийг хязгаарласан. Мөн Хөрөнгө оруулалтын хуультай холбоотойгоор Зөвшөөрөл, мэдэгдлийн хуулиудад нэмэлт өөрчлөлт орж байгаа. Бизнесийн үйл ажиллагаа мэдэгдээд эхлүүлдэг болох зохицуулалт оруулсан. Мөн 40 гаруй хуулиар Монгол Улсад гаднын хөрөнгө оруулалтаар үйл ажиллагаа явуулахыг хориглосон байсан. Эдгээрийг арилгаж, ардчилсан хандаж байгаа" гэв.