УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр М.Нарантуяа-Нара гишүүний асуусан "Амиа алдсан цэргийн асуудалд хэн хариуцлага хүлээсэн бэ" асуултад Батлан хамгаалахын сайд Д.Батлут хариуллаа. 

Д.Батлут: Зэвсэгт хүчний анги салбар дээр болсон асуудлууд тухайлбал 339 дүгээр цэргийн ангийн  хоёр хугацаат цэргийн албан хаагч харилцааны зөрчил гаргаснаас үүдэж нэг нь амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Одоогоор хууль хяналтын байгууллага шалгаж эцсийн дүгнэлт гараагүй байна. Бид бүхэн ар гэрийнхэнтэй нь очиж уулзаж хүн ёсоор хандсан гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Цаашлаад гэм буруу нь тогтоогдсоны дараа холбогдох арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ. Мөн хууль дүрмийн хүрээнд ар гэрт нь тодорхой хэмжээний асуудлыг шийдэх боломж гарах байх аа гэж бодож байна. Ер нь бид бүхэн энэ хугацаат цэргийн албан хаагчидтай холбоотой асуудал дээр онцгой анхаарлаа хандуулах ёстой. Хүний эрхийн комисстой хамтарч 1100 гаруй албан хаагчдыг сургалтад хамруулж 78 сургагч багшийг анги салбаруудаар тараан ажиллуулж байна. Сэтгэл зүйчдийн хөдөлгөөнт бүлгүүдийг байгуулж анги салбаруудаар ажиллуулж эхэлсэн гэх мэт ажлуудыг өнгөрсөн хугацаанд хийсэн байна. Цэргийн амь нас үрэгдсэн нь маш харамсалтай хэрэг.