Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр /2026.06.17/ Бүгд Найрамдах Казахстан Улсын Худалдаа, интеграцийн Тэргүүн дэд сайд Айжан Адиловна Бижановаг хүлээн авч уулзлаа. 

Шадар сайд Н.Номтойбаяр хоёр улсын хооронд эдийн засгийн өргөн боломж байгааг тэмдэглэж, Евразийн бүс нутгийн эдийн засгийн интеграцид идэвхтэй оролцож, тээвэр, логистик, дэд бүтцийн холболтыг сайжруулах нь худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтойг онцлов.

БНКазУ-ын Худалдаа, интеграцийн Тэргүүн дэд сайд Айжан Адиловна Бижанова хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой буйгаа илэрхийлж, хоёр улсын бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг дэмжих, худалдааны боломжийг нэмэгдүүлэх чиглэлд анхааран ажиллана гэлээ. 

Талууд уул уурхайн бүтээгдэхүүний боловсруулалт, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, худалдаа, тээвэр, логистик болон төмөр замын чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийн талаар санал солилцож, харилцан ашигтай төслүүдийг хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн оролцоог дэмжих нь зүйтэй гэлээ. 

Шадар сайд Н.Номтойбаяр Монгол Улс, БНКазУ-ын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн даргын хувьд ээлжит хуралдааныг ойрын хугацаанд зохион байгуулах талаар тодотгож, хуралдаанаар хоёр орны хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийг хэлэлцэхээр талууд санал нэгдэв.