Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2026.06.19/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 01 минутад гишүүдийн 50.8 хувийн ирцтэй эхэлж, есөн асуудал хэлэлцлээ.

Хуралдааны эхэнд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 29.1-д “Улсын Их Хурлын дарга хууль санаачлагчаас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Байнгын хороог, хэрэв тухайн төсөл хэд хэдэн Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарахаар бол Зөвлөлтэй зөвшилцөн холбогдох болон бусад Байнгын хороог тогтоож, нэгдсэн хуралдаанд мэдээлнэ.” гэж заасныг хуралдаан даргалагч тодотгоод Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг холбогдох Байнгын хороонд хуваарилсан талаар танилцуулав. 


Энэ хүрээнд Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал нарын 19 гишүүнээс 2026 оны 6 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг Төрийн байгуулалтын байнгын хороонд, Засгийн газраас 2026 оны 6 дугаар сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Соёрхон батлах тухай хуулийн төслийг (Аж үйлдвэр болон худалдаан дахь хөдөлмөрийн хяналтын тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 81 дүгээр конвенц) Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд, Засгийн газраас 2026 оны 6 дугаар сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Конвенц соёрхон батлах тухай хуулийн төслийг (Хөдөө аж ахуй дахь хөдөлмөрийн хяналтын тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 129 дүгээр конвенц) Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороонд, Засгийн газраас 2026 оны 6 дугаар сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан Улсын Их Хурлын тогтоолын төслийг Төсвийн байнгын хороонд, Засгийн газраас 2026 оны 6 дугаар сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг Эдийн засгийн байнгын хороонд тус тус хуваариллаа.

Хуралдаан хуулийн төслүүдийг эцэслэн батлах санал хураалтаар үргэлжлэв. Тодруулбал, Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн батлахыг нийт гишүүдийн 88.9 хувь нь дэмжлээ. Мөн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлахыг нийт гишүүдийн 87.7 хувь нь тус тус дэмжсэн.


Дараа нь Хөдөө аж ахуйн тухай хуулийн төслийг эцэслэн батлахыг нийт гишүүдийн 87.7 хувь нь дэмжсэн бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлахыг нийт гишүүдийн 87.7 хувь нь дэмжлээ.

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын чуулганаар хуулийн төслүүдийг яаралтай хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн. Тухайлбал, Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан Улсын Их Хурлын тогтоолын төслийг яаралтай хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 80.7 хувь, Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг яаралтай хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 83.1 хувь нь тус тус дэмжсэн юм.


Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв

Мөн өдрийн хуралдаанаар Засгийн газраас 2026 оны 06 дугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн.

Чуулганы өчигдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар уг хуулийн төсөл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй танилцаж, гишүүд асуулт асууж, үг хэлсэн тул /дэлгэрэнгүйг эндээс/ өнөөдрийн хуралдаанаар хуулийн төслийг үзэл баримтлалын хувьд хэлэлцэх эсэх санал хураалтыг явуулсан. Хуралдаанд оролцсон гишүүдийн 84 хувь нь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив. Мөн уг хуультай хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлэв.


Дараа нь Засгийн газраас 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Чуулганы өчигдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар уг хуулийн төсөл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй танилцаж, гишүүд асуулт асууж, үг хэлсэн. /дэлгэрэнгүйг эндээс

Иймд өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх саналаар санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Ингээд хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлсэн.


Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа нарын 8 гишүүнээс 2026 оны 06 дугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв.

Чуулганы өчигдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар уг хуулийн төсөл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй танилцаж, гишүүд асуулт асууж, үг хэлсэн. /дэлгэрэнгүйг эндээс/ Иймд өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэхээр санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь дэмжив. Төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлсэн.