Хуралдаан Засгийн газраас 2025 оны 11 дүгээр сарын 14-нд өргөн мэдүүлсэн Гэр бүлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгээр үргэлжилж, төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураав. Тодруулбал, төсөлд “Хүүхэд эцэг, эхээ тэжээн тэтгэх үүрэг” гэсэн агуулгатай 49 дүгээр зүйл нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 60.4 хувь нь дэмжлээ. Уг зүйлд “Насанд хүрсэн, хөдөлмөрийн чадвартай хүүхэд нь хөдөлмөрийн чадваргүй, эсхүл байнгын асаргаа шаардлагатай, эсхүл өндөр насны улмаас өөрийгөө тэжээн тэтгэх боломжгүй болсон нь тогтоогдсон эцэг, эхээ тэжээн тэтгэх үүрэгтэй. Хоёр, түүнээс дээш хүүхэдтэй бол эцэг, эхээ тэжээн тэтгэх үүргийг тухайн хүүхдүүд харилцан тохиролцсоны үндсэн дээр хүүхэд тус бүрийн үүргийг тодорхойлон хэрэгжүүлж болно. Энэ хуулийн 49.2-т заасны дагуу хүүхдүүд нь тохиролцож чадаагүй бол эцэг, эхийн, эсхүл хүүхдүүдийн хэн нэгний нэхэмжлэлийн үндсэн дээр шүүх хүүхэд тус бүрийн хөрөнгө, орлого, хөдөлмөрийн чадвар болон бусад нөхцөл байдлыг харгалзан тэжээн тэтгэх үүргийн оролцоог тодорхойлон шийдвэрлэж болно." гэж тусгасан байлаа.
Түүнчлэн төсөлд “Төрөл, садангийн хүмүүсийн тэжээн тэтгэх үүрэг” гэсэн агуулгатай 50 дугаар зүйл нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжих нь зүйтэй гэж үзэв. Тиймээс төсөлд “Насанд хүрээгүй бүтэн өнчин, эсхүл эцэг, эхээрээ тэжээн тэтгүүлэх боломжгүй хүүхдийг хөдөлмөрийн чадвартай төрсөн, үрчлэн авсан ах, эгч, дүү, өвөг эцэг, эмэг эх нь тэжээн тэтгэх үүрэгтэй. Төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхдээрээ тэжээн тэтгүүлэх боломжгүй, хөдөлмөрийн чадваргүй өвөг эцэг, эмэг эхээ хөдөлмөрийн чадвартай ач, зээ нь тэжээн тэтгэх үүрэгтэй. Тэжээн тэтгэх үүрэгтэй төрөл, садангийн хүн хоёр, түүнээс дээш байвал тэжээн тэтгэх үүргийг харилцан тохиролцсоны үндсэн дээр хүн тус бүрийн үүргийг тодорхойлон хэрэгжүүлж болно. Төрөл, садангийн хүмүүс тохиролцож чадаагүй бол тухайн хүний, эсхүл төрөл, садангийн хүний хэн нэгний нэхэмжлэлийн үндсэн дээр шүүх хүн тус бүрийн хөрөнгө, орлого, хөдөлмөрийн чадвар болон бусад нөхцөл байдлыг харгалзан тэжээн тэтгэх үүргийн оролцоог тодорхойлон шийдвэрлэж болно” гэсэн агуулгатай зүйл нэмэгдлээ.
Мөн ажлын хэсгээс төслийн зарим санал болон уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналуудад гүйцээн боловсруулах чиглэл авсан. Эцэст нь хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!