Хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл нарын гурван гишүүнээс 2026 оны 06 дугаар сарын 05-ны өдөр өргөн мэдүүлсэн Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг явууллаа.

Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Пунсалмаа нар тус тус танилцуулсан.

Хуулийн төсөл нь Үндсэн хуулийн үзэл санааг өдөр тутмын харилцаанд хэрэгжүүлэх, эдийн засгийн эрх чөлөөнд ямар тохиолдолд хязгаарлалт тогтоож болох, түүнийг хэрхэн хамгаалах зэрэг нарийвчилсан механизмыг бий болгох зорилготой гэдгийг танилцуулгад дурдсан байлаа.  

Монгол Улсын эдийн засгийн өсөлт, бүтээмж, хувийн хэвшлийн хөгжлийн үндэс нь эдийн засгийн эрх чөлөө, өмчийн эрхийн баталгаа, гэрээний тогтвортой байдал, шударга өрсөлдөөн тул хүний эдийн засгийн суурь эрх, эрх чөлөөг хамгаалах, төрөөс эдийн засгийг зохицуулах үйл ажиллагааны зорилго, хэлбэр, хязгаарыг тодорхой болгох, эдийн засгийн харилцаанд эрх зүйн тогтвортой, урьдчилан таамаглах боломжтой орчныг бүрдүүлэх, төр болон хувийн хэвшлийн харилцаанд хариуцлага, ил тод байдлыг бэхжүүлэх зорилгод Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг чиглүүлсэн байна.

Хуулийн төсөл нь эдийн засгийн харилцааны эрх зүйн суурийг цэгцлэх, Үндсэн хуулийн зарчмыг бодит агуулгаар баталгаажуулах хүрээнд дараах зарчмын шинжтэй зохицуулалтыг тусгасан байна. Тухайлбал, хууль ёсоор олж авсан өмчийн халдашгүй, дархан байдлыг баталгаажуулж, түүнд зөвхөн нийтийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн, шүүхийн шийдвэр, зах зээлийн бодит үнээр урьдчилан олгосон нөхөн олговортойгоор халдах нарийвчилсан журмыг тогтоосны зэрэгцээ иргэн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан татварын болон бусад хууль тогтоомжийг буцаан хэрэглэхийг хориглож, эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангах, улмаар талууд сайн дурын үндсэн дээр байгуулсан гэрээний эрх чөлөөг төр хүндэтгэх бөгөөд түүний биелэлтийг шударга, хараат бус шүүхээр хамгаалах баталгааг бий болгох зохицуулалтыг тусгажээ.

Мөн хуулиар хориглоогүй аливаа аж ахуйн үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх эрхийг баталгаажуулж, шударга өрсөлдөөний орчныг бүрдүүлэх үүргийг төрд хүлээлгэсэн төдийгүй энэхүү хуульд заасан эдийн засгийн суурь эрхийг зөвхөн Үндсэн хуульд заасан нийтийн эрх ашгийн үүднээс, зөвхөн хуулиар, зайлшгүй шаардлагатай, хамгийн бага хэмжээнд хязгаарлах зарчмыг тодорхойлсон хэмээн танилцуулгад дурдсан байлаа.

Харин Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх асуудлыг 2026 оны 06 дугаар сарын 16, 18-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.11 дэх хэсэгт заасныг баримтлан хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэх талаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй хэмээн үзсэн талаар санал, дүгнэлтэд дурдсан байв.

Төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон хамт өргөн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх санал хураалтыг үдээс хойш 16 цагт явуулахаар боллоо. Хуралдаан үргэлжилж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.